Сэргээгдэх эрчим хүч - Тогтвортой хөгжлийн гарц

September 20, 2022

Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Бохирдлыг бууруулах замаар эрүүл мэнд, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг сайжруулах нь” төслийн хүрээнд 2022 оны 9 сарын 10-ны өдөр Монгол дахь Нэгдсэн үндэстний байгууллагаас санаачлан зохион байгуулсан Тогтвортой Хөгжлийн Зорилго (ТХЗ) нээлттэй өдөрлөгт оролцов.

Төслийг хэрэгжүүлэгч нэгж нь тус арга хэмжээний үеэр ТХЗ 7 буюу сэргээгдэх эрчим хүчний талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, байгальд орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчийг хэрэглээнд нэвтрүүлснээр хүрээлэн буй орчны бохирдол буурч, улмаар хүн амын эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэх уялдаа холбоог олон нийтэд ойлгуулах зорилгоор оролцогч талуудтай хамтарч ажиллалаа.

Энэхүү үйл ажиллагааг төслийн баг хамт олон “Сэргээгдэх эрчим хүч-Тогтвортой хөгжлийн гарц” урианы дор МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн сургуулийн багш, оюутнууд, Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хороо, болон G-Power LLC-тэй  хамтран зохион байгуулсан юм. Энэ үеэр сэргээгдэх эрчим хүчний талаарх мэдээллийг олон нийтэд танилцуулж, зөвлөгөө мэдээлэл өгсөн юм.

Төслийн баг хамт олон НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран “Эрчим хүч хаанаас үүсдэг вэ?” сонирхолтой туршилтыг үзүүлж, “Эрчим хүч гэж юу вэ? Эрчим хүчээ хэрхэн хэмнэх вэ?” танин мэдэхүйн зурагт хуудсыг хүүхэд багачуудад танилцууллаа.

Орчны бохирдлыг бууруулахад Тогтвортой хөгжлийн зорилго 7-г хэрэгжүүлэх буюу сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх нь онцгой ач холбогдолтой. Мөн 2030 он гэхэд боломжийн, найдвартай, орчин үеийн эрчим хүчний үйлчилгээгээр хүн бүрийг хангах ТХЗ-ыг биелүүлэхийн тулд иргэдийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх нь чухал юм.

Монгол улс 2017 онд нийт эрчим хүчний  үүсгүүрийн 11,9%-тай тэнцэх хэмжээний сэргээгдэх эрчих хүчийг хэрэглээнд нэвтрүүлсэн бол 2021 онд энэ тоо 17,5% болж нэмэгдсэн гэж Эрчим хүчний зохицуулах  хорооноос гаргасан Эрчим хүчний статистик үзүүлэлт, тайланд дурджээ.  

Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: www.shorturl.at/lyz39

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Б. Тэрэлж | Төслийн техникийн асуудал хариуцсан ажилтан

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Утас: +976-89005074

И-мэйл: Terelj.batbold@undp.org

---------

Н.Зулзаяа | Төслийн мэдээлэл харилцааны зөвлөх

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Утас: +976-88054340

И-мэйл: zulzaya.nyamkhuu@undp.org