Монголын Залуучуудын Хөгжлийн Үндэсний Чуулганд НҮБ-ын Хамтарсан хөтөлбөрөөс залуучуудад чиглэсэн зарлагын шинжилгээний урьдчилсан үр дүнг танилцуулав

August 25, 2021

Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан залуучуудын хөгжил, оролцоог дэмжих, талуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор Залуучуудын Хөгжлийн Үндэсний чуулганыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Залуучуудын хөгжлийн зөвлөл болон НҮБ-ын Хүн амын сан хамтран зохион байгуулж холбогдох яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллагууд, залуучуудын боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоо зэрэг холбогдох асуудлуудаар  цахим хэлэлцүүлэг өрнүүлэв.

Нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрахад түүчээлж, тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг хөдөлгөгч хүч болох залуучуудыг дэмжиж, тэдэнд сурч боловсрох, амьдрах ухаан ур чадвар эзэмших, хөдөлмөрийн зах зээлд нэвтрэхэд нь зориулсан хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра Залуучуудын форумд оролцохдоо онцлов.

Энэхүү чуулганы үеэр Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон НҮБ-ын Хүүхдийн сангаас НҮБ-ын Хүн амын сантай түншлэн хэрэгжүүлж буй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн санхүүжилтийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх нь” хамтарсан хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй залуучуудад чиглэсэн зарлагын шинжилгээний явц, урьдчилсан дүнг танилцуулав. Залуучуудын асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн арга хэмжээг улсын төсөв болон бусад эх үүсвэрийн санхүүжилтэд тусгах, төсөв санхүүгийн үр дүнг нэмэгдүүлэхэд шаардлагатай нотолгоо мэдээллийг бий болгоход шинжилгээний зорилго оршиж байна. 

Өнгөрсөн 2020 оны байдлаар Монгол Улсын хүн амын нэг сая гаруй буюу 30,7 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. Судалгааны урьдчилсан дүнгээс үзэхэд залуучуудад чиглэсэн санхүүжилтийн ДНБ-нд эзлэх хувь нь 2017 оноос 2020 оны хооронд 3.15%-иас 3.95%-д, улсын төсвийн зардалд эзлэх хувь нь 9.79%-иас 10.59% хүртэл тус тус өссөн үзүүлэлт байна. Түүнчлэн 2020 онд улсын төсвийн болон бусад эх үүсвэрээс залуучуудын хөгжилд зарцуулсан нийт санхүүжилт 1.5 их наяд орчим төгрөг байсан. 

Энэ оны хувьд өмнөх онуудтай харьцуулахад улсын төсөв болон залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн уялдаа сайжирсан хэдий ч цаашид өргөн хүрээнд залуучуудад чиглэсэн санхүүжилтийг бодлого, хөтөлбөрийн тэргүүлэх зорилтууд болон Тогтвортой хөгжлийн зорилгуудтай улам бүр уялдуулах боломжтой. 

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн 2018 оноос хойш хэрэгжүүлж буй үр дүнд суурилсан төсөвлөлтийг нэвтрүүлэх, төсөв санхүү болон бодлогын уялдааг нэмэгдүүлэх санаачилгын нэг хэсэг Залуучуудад чиглэсэн зарлагын шинжилгээ нь үр дүнд суурилсан төсөвлөлтийг турших үндэс суурь болох юм. 

Залуучуудад чиглэсэн зарлагын шинжилгээний тайланг 2021 оны сүүлийн саруудад олон нийтэд хүргэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Д.Соёлмаа 

НҮБ-ын Суурин Зохицуулагчийн газрын Мэдээлэл, харилцааны ажилтан

Утас: 11 327585 /1007/ soyolmaa.dolgor@un.org