“Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи” мэргэжлээр сурах 10 оюутанд тэтгэлэг олголоо

September 9, 2022

Улаанбаатар – 2022 оны 9 дүгээр сарын 9: Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи мэргэжлээр суралцах оюутан залуучуудад сургалтын тэтгэлэг гардуулах арга хэмжээ  болж өнгөрлөө. Тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд тус мэргэжлээр тогтвортой суралцах хүсэл эрмэлзэлтэй, ноос ноолууран текстилийн үйлдвэрлэлийн салбарт ажиллах сонирхолтой залуучуудаас нийт 10 оюутныг сонгон шалгаруулж, сургалтын төлбөрийн тэтгэлэг олголоо.  

Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи мэргэжил нь Монгол Улсад хамгийн эрэлттэй 37 мэргэжлийн жагсаалтад багтсан байдаг бөгөөд Монгол Улсын Засгийн газраас анхаарч “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг бодлогын баримт бичгүүдэд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эдийг боловсруулах цогцолбор үйлдвэрүүдийг дэмжин ажиллахаар тусгасан байна.  Үүнийг дагаад тус салбарын мэргэжилтэн, боловсон хүчний эрэлт өсөх юм.

Монгол Улс ноос ноолууран түүхий эд бэлтгэлийн арвин их нөөцтэй, жилд 10 мянган тонн ноолуур бэлтгэдэг дэлхийн 2 дахь том нийлүүлэгч бол ноосны хувьд жилд 37 мянган тонныг  бэлтгэдэг дэлхийд 11 дэх том нийлүүлэгч юм. Гэвч бид дотооддоо ноолуурын зөвхөн 20 орчим хувийг, ноосны 30 орчим хувийг нэмүү өртөг шингэсэн эцсийн бэлэн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж, харин үлдсэн дийлэнх түүхий эдийг экспортолж байна. Үүнд мэргэжилтэй боловсон хүчний дутагдал ихээхэн нөлөөлж байгаа тул тогтвортой ноолуурын үнэ цэний сүлжээг хөгжүүлэхэд шинэ боловсон хүчин бэлтгэх, улмаар ноос ноолуур, нэхмэлийн үйлдвэрлэлийн салбарт хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн “Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи” мэргэжлээр тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна.

Тус тэтгэлэгт хөтөлбөрийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Монголын тогтвортой ноолуурын платформ", Европын Холбооны санхүүжилттэй "МУ-д Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн дэмжлэгтэйгээр ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуультай хамтран зохион байгуулав.

Төслүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг:

http://sustainablecashmereplatform.com/

https://www.undp.org/mongolia/projects/sdg-aligned-budgeting-transform-employment-mongolia

Нэмэлт мэдээллийг:

Сэржхүүгийн Мягмаржав, Төслийн менежер | НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, "Монголын тогтвортой ноолуурын платформ | Утас: +976 99906998 | Э-шуудан: myagmarjav.serjkhuu@undp.org

Халзанбандийн Отгонгэрэл, Мэдээлэл, харилцааны мэргэжилтэн | НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, МУТХЗУТТХЭШД төсөл | Утас: +976 99105817 | Э-шуудан: otgongerel.khalzanbanid@undp.org