ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ - АЖИЛ ХАЙГЧИЙГ АЖИЛ ОЛГОГЧТОЙ ХОЛБОХ ГҮҮР

September 5, 2022

 

Зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаар мэдээлэл хүргэх, ажил хайгчдад хэрэгцээтэй үйлчилгээг үзүүлэх, ажил олгогчтой холбох “Хөдөлмөрийн яармаг”-ийг 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Та ажил идэвхтэй хайж байгаа бол энэхүү ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ-т хүрэлцэн ирснээр дараах сонирхолтой үйл ажиллагаа, үйлчилгээг авах боломжтой. Үүнд:

  • Ажилд орох үйл явцын симуляцийн хэсэг: Ажил хайгчид өөрсдийн хөдөлмөр эрхлэх ур чадвараа үнэлүүлэх, ингэхдээ “Профайлинг” хэмээх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээний хэрэгслийг ашиглах юм. Дараа нь үнэлгээний дүгнэлтэнд суурилан хөдөлмөр эрхлэлтийн чиг баримжааны зөвлөгөөг туршлагатай мэргэжилтнүүдээс авч, эцэст нь ажлын анкет хэрхэн бичих, ажлын ярилцлагад хэрхэн амжилттай оролцох зэрэг ажилд ороход шаардлагатай бодит ур чадваруудад суралцах болно. Хэрэв хүсвэл, туршилтын ажлын ярилцлагад ч орох боломжтой.
  • Ажилд зуучлах хэсэг: Өнөөдөр хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа ажил мэргэжил, түүнчлэн нээлттэй байгаа ажлын байрны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг Монголын хүний нөөцийн компани, ажилд зуучлах агентлагуудын төлөөллөөс авах боломжтой. Түүнчлэн, цахим орчинд нээлттэй ажлын байрны талаарх мэдээллийг хэрхэн үр дүнтэй, хурдан хайлт хийж болох талаар зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.
  • Ажил олгогчийн хэсэг: Хөдөө аж ахуй, харилцаа холбоо, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа эрхэлдэг том, дунд хэмжээний компаниуд нээлттэй байгаа орон тооны, цагийн, сайн дурын ажлын байрны талаарх мэдээллээ танилцуулах болно. Ажилд горилогч зарим иргэдийн ажлын өргөдөл хүлээн авах, анхан шатны сонгон шалгаруулалт хийхийг мөн төлөвлөж байна.
  • МБС-ын цэг: Эрэлттэй мэргэжлүүдээр шинэчлэн боловсруулсан хөтөлбөрийн дагуу (ХАА машин, тоног төхөөрөмжийн оператор, засварчин г.м) сургалт явуулж буй Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын төлөөлөл оролцож, өөрсдийн сургалтын хөтөлбөрүүдийг танилцуулж, сонирхож буй залуучуудыг оюутнаар бүртгэх юм.

Тус яармагийг Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага хэрэгжүүлж “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслөөс зохион байгуулж байна.   

Хөдөлмөрийн яармагийг ТХЗ #8  Зохистой хөдөлмөр ба эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилтыг олон нийтэд таниулах, мэдээлэл хүргэх зорилгоор НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газраас санаачлан зохион байгуулж буй “Тогтвортой хөгжлийн зорилго” нээлттэй өдөрлөгийн хүрээнд хийж байна.

Сүхбаатарын талбайд 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр уулзацгаая!

***

Төслийн талаарх ерөнхий мэдээлэл

“Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл нь Монгол Улсын Засгийн газартай хийсэн гэрээний дагуу Европын Холбооноос үзүүлж буй Хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлд зориулсан Төсвийн дэмжлэгийн Техникийн туслалцааны бүрэлдэхүүн хэсэг юм. Энэхүү техникийн туслалцааны төслийн ерөнхий зорилго нь Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд оршино. Түүнчлэн хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн салбарт төрийн үйлчилгээг үр дүнтэй, хариуцлагатай, шуурхай  хүргэх; төсөв, санхүүгийн удирдлагын (ТСУ) тогтолцоог сайжруулах, институцийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг зорьж байна. Төслийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран хэрэгжүүлдэг. Засгийн газрын түвшинд Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай түншлэн ажилладаг.   

***

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Халзанбандийн Отгонгэрэл | Мэдээлэл, харилцааны мэргэжилтэн | “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр

Утас: +976 99105817

Э-шуудан: otgongerel.khalzanbanid@undp.org

---

Ганболдын Пагмасүрэн | Мэдээлэл, харилцааны мэргэжилтэн

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага

Утас: +976 95105095

Э-шуудан: Pagmasuren.ganbold@fao.org