a group of people sitting at a table

АЖЛЫН БАЙР/ ДАДЛАГА

Ажлын байр

НҮБ-ын дүрмийн 101 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт болон НҮБ-ын ажилчдын журмын 4.2. дугаар хэсэгт зааснаар НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ) -т  ажилтнуудыг “үр ашиг, ур чадвар, шударга байдлын хамгийн дээд стандартыг хангасан” -ы үндсэн дээр сонгон шалгаруулж авна. 

НҮБХХ нь ажилтнуудыг сонгон шалгаруулж авахдаа дараах зургаан зарчмыг баримталдаг: 

  • Өрсөлдөөнт байдал: Бүх орон тооны сонгон шалгаруулалт ил тод, үнэн шударга өрсөлдөөний дагуу явагдана.
  • Объектив байдал: Сонгон шалгаруулалт нь мэргэжлийн нарийн шалгуураар явагддаг ба өрсөлдөгчдийг ажлын ур чадвар, байгууллагын тэргүүлэх чиглэлийн дагуу үнэлсний үндсэн дээр сонгон шалгаруулж авна. 
  • Ил тод байдал: Ажилд авах үйл явц болон сонгон шалгаруулах шалгуур нь ажилтнууд болон өргөдөл гаргагчдад ил тод байна. 
  • Олон бүлгийг хамааруулсан байдал: Монгол дахь НҮБХХ нь ажилтнууддаа олон бүлгийн төлөөллийг байлгахыг эрхэмлэдэг тул эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, үндэстний болон шашны цөөнх, ХДХВ-ийн халдвартай хүмүүс, дүрвэгсэд болон Монгол Улсад хууль ёсоор хөдөлмөр эрхлэх эрх бүхий харьяат бус ард иргэдийг ажилд орох өргөдлөө ирүүлэхийг онцгойлон дэмждэг. 
  • Хариуцлагатай байдал: Ажил олгох менежерүүд нь сонгон шалгаруулалтын үйл явц болон арга барилд бүрэн хариуцлага хүлээдэг. 
  • Ялгаварлан гадуурхахгүй байх тухай: Ажилтнуудыг олон улс орноос эрх тэгш байдлаар сонгон шалгаруулж авах үүднээс НҮБХХ нь арьс өнгө, үндэс угсаа, шашин шүтлэг, нас, хүйс, бэлгийн чиг баримжаа, гэрлэлтийн болон гэр бүлийн байдал, хөгжлийн бэрхшээлтэй эсэх дээр үүдэн ялгаварлан гадуурхахгүй.

Ажлын байрны төрлүүд

НҮБХХ нь боловсон хүчинг олон улсын болон орон нутгийн сонгон шалгаруулалтаар ажилд авдаг. Хууль эрх зүйн үндэслэл, гэрээний үргэлжлэх хугацаа зэрэг шалгуур үзүүлэлтээс хамааран хэд хэдэн төрлийн гэрээг байгуулан үйл ажиллагаагаа явуулдаг. Гэрээний стандарт төрлүүд нь:

  • Үндсэн ажилтны гэрээ – Монгол Улсын болон гадаадын иргэд; 
  • Түр хугацааны үндсэн ажилтны гэрээ – Монгол Улсын болон гадаадын иргэд;
  • Төслийн ажилтны гэрээ – Монгол Улсын болон гадаадын иргэд; 
  • Ажил, үйлчилгээний гэрээ – зөвхөн Монгол Улсын иргэд.

Үндсэн ажилтны гэрээ. Үндсэн ажилтны журмын дагуу гэрээ байгуулсан ажилтнуудад үндсэн ажилтны гэрээг байгуулна. Дотоодын ажилчдын цалингийн хэмжээг орон нутгийн хамгийн дээд нөхцөлд үндэслэн тогтоодог. Гадаадын ажилчдын цалингийн хэмжээг төрийн үйлчилгээний хамгийн дээд жишгээр тогтоодог. 

Түр хугацааны үндсэн ажилтны гэрээ. Энэхүү гэрээ нь ажилчдад Түр Хугацааны Гэрээний Удирдамжийн дагуу байгуулагддаг ба гэрээний хамгийн дээд хугацаа 364 хоног байна. Дотоодын ажилчдын цалингийн хэмжээг орон нутгийн хамгийн дээд нөхцөлд үндэслэн тогтоодог. Олон улсын ажилчдын цалингийн хэмжээг төрийн үйлчилгээний хамгийн дээд жишгээр тогтоодог. 

Тодруулга: Түр хугацааны үндсэн ажилтны гэрээ эхний удаадаа 364 хоногоос хэтрэхгүй байна. Хамгийн дээд хугацаа буюу 364 хоногийн хугацаатай ажилласан ажилтны гэрээг үйл ажиллагааны хэрэгцээ, шаардлагын улмаас нэг жил хүртэлх хугацаагаар сунгах боломжтой. 

Дотоодын иргэншилтэй төслийн ажилтны гэрээ. Энэхүү гэрээ нь НҮБХХ-ийн үйлчилгээнд суурилсан гэрээний дагуу тодорхой хугацаагаар хувь хүмүүсийн үйлчилгээг татан оролцуулах зорилгоор үүсгэсэн гэрээний хувилбар юм. Дотоодын иргэншилтэй төслийн ажилтны гэрээ нь хоёр төрөлтэй байдаг ба богино хугацааны гэрээ нь 1 хоногоос 6 сар хүртэл үргэлжилж, энгийн гэрээ нь 6 сараас 1 жил хүртэл үргэлжилнэ. Энэ хоёр төрлийн гэрээн доор ажиллаж буй ажилтнууд нь оффис эсвэл гэрээсээ ажиллах боломжтой.

Гадаадын иргэншилтэй төслийн ажилтны гэрээ. Энэхүү гэрээ нь НҮБХХ-ийн үйлчилгээнд суурилсан гэрээний дагуу тодорхой хугацаагаар хувь хүмүүсийн үйлчилгээг татан оролцуулах зорилгоор үүсгэсэн гэрээний хувилбар юм. Гадаадын иргэншилтэй төслийн ажилтны гэрээний доор ажиллаж буй боловсон хүчин нь эх орон эсвэл байнгын оршин суугаа газраасаа өөр улсад мэргэжлийн чиг үүргийг гүйцэтгэж буй нэгэн юм. Тус гэрээг нэг удаад 12 сар хүртэл хугацаатайгаар байгуулж болох ба төслийн хамгийн дээд хугацаанаас хэтрэхгүй байдлаар 4 хүртэлх жилийн хугацаатай сунгаж болдог. Энэхүү гэрээгээр ажиллах хамгийн дээд хугацаа нь ихэвчлэн төслийн үргэлжлэх хугацаа ба/эсвэл түүний санхүүжилт орж ирэх хугацаа хүртэл байдаг.

Илүү сайхан ирээдүйг бүтээх бидний эрхэм зорилгод нэгдээрэй. 

Хэрхэн өргөдөл явуулах вэ? 

НҮБХХ-ийн ажлын байрны талаарх мэдээллийг цаг алдалгүй авахын тулд Impactpool үйлчилгээний ажлын байрны мэдээллийн товхимолд бүртгүүлээрэй.

Хэрэв танд онлайнаар ажлын байрны өргөдөл явуулахад хүндрэл учирч байвал мэдээлэл холбооны (IT) туслахтай холбогдоорой. 

Мэдэгдэл

НҮБХХ нь цахим шуудан болон вэбсайтуудаар тархаж буй хуурамч орон тооны зарын талаарх мэдээллийг анхааралдаа авсан. Энэхүү луйврын үйл ажиллагааны гол зорилго нь хувь хүмүүсийг хууран мэхэлж, "ажилд авах"-аас өмнө тэднээс бүртгэл/виз/захиалга/ болон бусад төлбөр хураамж зэрэг мэдээллийг залилан авах явдал юм. НҮБХХ нь ажилд авах үйл явцын аль ч үе шатанд (өргөдөл, ярилцлага, сонгон шалгаруулалт, сургалт, виз) төлбөр хураамж авдаггүй. НҮБХХ-ийн лого, эмблем, маягт, нэр, хаяг нь олон нийтэд нээлттэй бөгөөд амархан хуулж эсвэл олшруулах боломжтой байдаг тул өргөдөл гаргагчид сэрэмжтэй байж, ийм төрлийн залилангаас хамгаалах арга хэмжээг авахыг онцгойлон зөвлөж байна. Хэрэв та ийм луйврын хохирогч болсон бол хууль сахиулах байгууллагад мэдэгдэж, зохих арга хэмжээг яаралтай авна уу.

Нууцлалын Бодлого

Энэхүү вэбсайтад хандсанаар хэрэглэгчийн интернэт протокол (IP) хаяг, вэбсайтаар дамжуулах навигаци, зарцуулсан хугацаа болон бусад ижил төстэй мэдээлэл НҮБХХ-ийн серверт хадгалагдан үлдэх болно. Эдгээр мэдээлэл нь хэрэглэгчийг тусгайлан тодорхойлохгүй ба зөвхөн вэбсайтын дотоод хөдөлгөөний шинжилгээнд ашиглагдах болно. Хэрэв хэрэглэгч ажлын өргөдөл бөглөх үед нэр, байршил гэх мэт өвөрмөц таних мэдээллийг оруулсан бол эдгээр мэдээллийг зөвхөн заасан зорилтын дагуу ашиглах ба НҮБХХ-өөс гадуурх талуудтай хуваалцаж, нийтлэхгүй. Харин НҮБХХ нь энэ мэдээллийн аюулгүй байдалд хариуцлага хүлээхгүй. НҮБХХ-ийн мэдээллийн менежментийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Нууцлалын Бодлогоос (Information Disclosure Policy) харна уу. 

Дадлага хийх боломж 

Та дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах сонирхолтой, ажлын туршлага хуримтлуулахыг хүсч байгаа нэгэн мөн үү?

НҮБХХ-т дадлага хийх нь оюутнууд болон шинэхэн төгсөгчдөд НҮБХХ-ийн ажилтай шууд танилцах таатай боломжийг олгодог. 

НҮБХХ нь төрөл бүрийн салбарт дадлага хийх боломжийг олгодог ба аль болох дадлагажигчийн ашиг сонирхлыг байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ажиллахыг оролддог. 

Дадлагыг НҮБХХ-ийн суурин төлөөлөгчийн газрууд, бүс нутгийн төвүүд эсвэл Нью-Йорк дахь төв байранд хийж болно. Дадлагын үргэлжлэх хугацаа нь дадлагажигчийн сургалтын шаардлага болон НҮБХХ-ийн хэрэгцээ шаардлагаас хамааран өөр өөр байдаг. Дадлагыг жилийн аль ч үед цагийн болон бүтэн цагийн хэлбэрээр хийж болдог.

Мэргэшил ба Шаардлага

Дадлагажигчдыг өрсөлдөөнт зарчмын үндсэн дээр сонгон шалгаруулж авдаг. НҮБХХ-ийн дадлагад хамрагдах хүсэлтэй хүмүүс өргөдөл гаргахдаа дараах шаардлагуудын аль нэгийг хангасан байх ёстой: 

  • Магистрын түвшний сургалтад хамрагдсан байх; 
  • Бакалаврын түвшний сургалтын эцсийн курст элссэн байх; 
  • Их сургуулийн зэрэгтэй төгссөн байх (хэрэв сонгогдсон тохиолдолд төгссөнөөс хойш нэг жилийн дотор дадлагыг эхлэх);
  • Төгсөлтийн дараах мэргэжлийн туршлага хуримтлуулах хөтөлбөрт хамрагдаж, тус хөтөлбөрийн хүрээнд НҮБХХ-т дадлага хийх. 

Өргөдөл гаргагч нь хөгжлийн салбарт сонирхолтой, НҮБ-ын дүрэм болон НҮБХХ-ийн эрхэм зорилгыг хүндэтгэдэг нэгэн байх ёстой. НҮБ-ын тогтолцоонд ажиллахын нэгэн том хэсэг нь хэл, гарал үүсэл, соёлын ялгаатай хүмүүстэй хамтран ажиллаж, тэдний тэдний итгэл, хүндэтгэлийг олж авах явдал юм. Мөн, өргөдөл гаргагч нь шилжилт хөдөлгөөн болон олон төрлийн орчинд дасан зохицох чадвартай байх шаардлагатай. 

Ихэнх тохиолдолд өргөдөл гаргагч нь англи хэл болон дадлага хийх улсын хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх шаардлагатай байдаг. 

Дадлагажигчид нь НҮБХХ-т дадлага хийх хугацаандаа зохих эрүүл мэндийн даатгалд хамрагдах шаардлагатай бөгөөд дадлага эхлэхээс өмнө эрүүл мэндийн гэрчилгээг бүрдүүлж өгөх ёстой. НҮБХХ нь дадлагажигчийн эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхгүй ба дадлагын явцад гарсан осол, өвчний улмаас үүдэх аливаа зардлыг хариуцахгүй.

Цаашдын карьерын боломжууд

Дадлагын хөтөлбөрийн гол зорилго нь олон салбарын оюутнууд болон шинэ төгсөгчдөд хөгжлийн асуудлуудын талаар мэдлэг мэдээлэл олгож, НҮБХХ-ийн өдөр тутмын ажлын орчинтой танилцуулах явдал юм.

НҮБХХ-т дадлага хийсний дараагаар ажилд орно гэсэн баталгаа байхгүй.

Хаанаас өргөдлөө явуулах вэ?

НҮБХХ-т дадлагажигчийг сонгон шалгаруулах үйл явц нь төвлөрсөн бус байдлаар явагддаг ба бүх дадлагын орон тоо нь НҮБХХ-ийн ажлын байрны вебсайт //jobs.undp.org/ дээр тавигдсан байна.

Монгол дахь НҮБХХ-т дадлага хийх боломж зарлагдсан тохиолдолд орон тоог энэ хуудсанд байршуулна.

Ажилд авах бодлого, журмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.