Уур амьсгалын өөрчлөлтийн толь бичиг: Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх өдөр тутмын гарын авлага
December 1, 2023
Please access the English version of Climate Dictionary, originally developed by the UNDP's Climate Promise Team, HERE.
Өнөө цагийн зайлшгүй шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудал бол уур амьсгалын өөрчлөлт юм. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл хэрэгт оролцох хүмүүсийн тоо ч өдөр ирэх тусам нэмэгдсээр байна.
Энэ салбарт ажиллаж буй хүмүүс уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой ойлголт, нэр томьёог хэдийнээ мэдэх болсон. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлтийн талаарх яриа хэлэлцүүлэгт шинэ тутам оролцож байгаа хэн бүхэнд бүх зүйлийг нэг дор ойлгоход амаргүй байх нь ойлгомжтой.
Иймээс бид уур амьсгалын өөрчлөлтийн талаарх үндсэн ойлголт, зарим нэр томьёог багтаасан энэхүү товч тайлбар толийг бэлтгэлээ. Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх аливаа яриа хэлэлцүүлэгт оролцохыг хүсч буй хэн бүхэнд энэхүү товч тайлбар толь тодорхой хэмжээгээр тус болно гэдэгт итгэлтэй байна.
Энэхүү тайлбар тольтой нухацтай танилцаж, хэрэгтэй хэсгээ тэмдэглэж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл ажиллагаандаа үр дүнтэй ашиглана гэдэгт найдаж байна.
Бид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хамтын үйл ажиллагаагаа улам үр дүнтэй болгохын тулд цаашид шинээр бий болох ойлголт, нэр томьёог энэхүү тайлбар тольд тогтмол тусган шинэлчилж байх болно.
Цаг агаар гэдэг нь агаарын хэм, хур тунадас, ууршилт, чийгшил, үүлний бүрхүүл, салхи, үзэгдэх орчин зэрэг тодорхой цаг хугацаа, газар нутгийн агаар мандлын нөхцөл байдлыг хэлнэ. Цаг агаарын нөхцөл байдал нь дангаараа тохиолддоггүй, долгиолсон нөлөө үзүүлж байдаг. Нэг бүс нутгийн цаг агаар нь эцэстээ хэдэн зуун, бүр хэдэн мянган километрийн зайд байгаа бүс нутгийн цаг агаарт нөлөөлж байдаг.
Уур амьсгал гэдэг нь аливаа газар нутгийн удаан хугацааны турш дахь буюу ихэвчлэн 30 болон түүнээс олон жилийн цаг агаарын төлөв байдлын дундаж үзүүлэлтээр тодорхойлогдох бөгөөд уур амьсгалын тогтолцооны ерөнхий төлөв байдлыг илэрхийлдэг.
Аж үйлдвэржилтийн эрин үе, ялангуяа өнгөрсөн зууны хүний үйл ажиллагаанаас үүдсэн хүлэмжийн хорт хийн ялгаруулалт нь манай гарагийн уур амьсгалыг эрс өөрчилж байна.
Хүлэмжийн хий нь манай гарагийн агаар мандалд нарны дулааныг барьж, дулааныг нь хадгалж байдаг хий юм. Аж үйлдвэржилтийн эрин үеэс эхлэн хүний үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр хүлэмжийн хийн ялгарал аюултай түвшинд хүрснээр дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд хүргэж байна.
Хүний үйл ажиллагааны улмаас ялгарч буй хүлэмжийн хийн бүтцэд нүүрстөрөгчийн давхар исэл, метан хий, азотын исэл, хөргөлт, хөлдөөлтөд ашигладаг фторжсон хий зэрэг хамаарна. Нүүрстөрөгчийн давхар исэл нь хүний үйл ажиллагаанаас, ялангуяа малтмал түлш шатаах, ойн нөөцийн шавхагдал, газрын зохисгүй ашиглалт зэргээс үүдэлтэйгээр үүсэх хүлэмжийн хий юм.
Хүн төрөлхтөн малтмал түлшинд хамааралтай болсноор сүүлийн 200 гаруй жилийн хугацаанд агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн агууламж 50 хувиар нэмэгдсэн байдаг. Метан нь дэлхийн дулаарлын 25 орчим хувийг үүсгэж байгаа бас нэг төрлийн хүлэмжийн хий юм. Метан нь нүүрс, хий, газрын тос олборлох, тээвэрлэх явцад болон хогийн цэгүүд, хөдөө аж ахуйн үйл ажиллагаа явуулах үед ялгарч байдаг.
Уур амьсгалын гамшигт өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэхийн тулд дэлхийн улс орон бүр одоо болон ойрын хэдэн арван жилд хүлэмжийн хийн ялгаралыг эрс бууруулж, дэлхийн дулаарлыг Цельсийн 1.5 хэмийн аюултай босго хэмжээнд хүргэхгүй тогтоон барихын төлөө хамтран ажиллах ёстой.
Дэлхийн дулаарал гэж агаар мандалд хүлэмжийн хийн агууламж нэмэгдэх үед үүсдэг дэлхийн гадаргуугийн дундаж температурын өсөлт юм. Эдгээр хий нь нарны цацрагийг илүү шингээж, илүү их дулааныг барьж, улмаар дэлхийг илүү халуун болгодог. Малтмал түлш шатаах, ой мод огтлох, мал аж ахуй эрхлэх зэрэг нь хүлэмжийн хийг ихээр ялгаруулж, дэлхийн дулааралд нэрмээс болж байдаг хүний зарим үйл ажиллагаа юм.
Уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь урт хугацааны турш дахь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас үүдсэн агаар мандал, далай, хуурай газрын дулаарлыг хэлнэ. Уур амьсгалын өөрчлөлт нь амьдрал, биологийн олон янз байдлыг дэмждэг экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахын зэрэгцээ эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлж байна. Түүнчлэн хар салхи, үер, хэт халалт, ган гачиг зэрэг цаг агаарын эрс тэс үзэгдлүүдийн давтамж, эрч хүч нэмэгдэж, далайн дулаарал, мөсөн голууд, мөсөн бүрхүүл хайлж далайн түвшин дээшлэхийн хэрээр далай тэнгисийн эрэг орчмын газрын элэгдэл нэмэгдэх эрсдэлд хүргэж байна.
Уур амьсгалын хямралууд гэдэг нь манай гарагийн уур амьсгалын өөрчлөлт, тухайлбал, цаг агаарын эрс тэс үзэгдэл, гамшигт нөхцөл байдал, далай тэнгисийн хүчиллэгжилт, далайн түвшин нэмэгдэх, биологийн олон янз байдал өөрчлөгдөх, хоол хүнс, усны аюулгүй байдал алдагдах, эрүүл мэндийн эрсдэл, эдийн засгийн хямрал, хүн амын шилжилт хөдөлгөөн, тэр ч байтугай хүчирхийлэл зөрчилдөөн зэрэг уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр тулгарч буй болон үүсч болзошгүй ноцтой асуудлуудыг хэлнэ.
1800 оноос хойш хүний үйл ажиллагааны улмаас дэлхийн дундаж температур ойролцоогоор Цельсийн 1.2 хэмээр нэмэгдсэн бөгөөд энэхүү дулаарлын гуравны хоёроос илүү хувь нь 1975 оноос хойш тохиожээ. Энэ нь дэлхийн олон улс орны хүн, нийгэм, байгалийн экосистемд ихээхэн хохирол учруулж байна. Дэлхий дээр 3 тэрбум гаруй хүн уур амьсгалын хямралд өртөх өндөр эрсдэлтэй газар нутагт амьдарч байгаагийн дийлэнх нь орлого багатай орнуудад амьдарч байна.
Дэлхийн дулаарал Цельсийн 1.5 хэмээс дээш гарах аваас олон тооны өөрчлөлт эргэлт буцалтгүй буй болж, хүн төрөлхтний соёл иргэншилд маш ноцтой аюул учруулж болзошгүй талаар олон эрдэмтэд анхааруулж байна. Ийм учраас улс орнууд хүлэмжийн хийн ялгаралыг эрс бууруулж, ойрын хэдэн арван жилдээ нүүрсхүчлийн хийн ялгарал, шингээлтийн зөрүүг тэглэх чиглэлээ тодорхойлох, уур амьсгалын өөрчлөлтийн зайлшгүй нөлөөнд дасан зохицоход чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, манай гарагийн хамааралтай байгалийн экосистем, био массыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг хойшлуулалгүйгээр авах шаардлага тулгарч байна.
Уур амьсгалын тогтолцоонд гарч буй нэг өөрчлөлт дараа дараагийн өөрчлөлтийг өдөөж, цаг хугацаа өнгөрөх тусам улам хүчтэй болох гинжин урвалууд нь эрчимжих үед уур амьсгалын өөрчлөлтийн эргэх гинжин холбоо үүснэ. Эцэст нь эдгээр гинжин холбоо нь эргэлтийн цэгийг өдөөх бөгөөд энэ үед дэлхийн уур амьсгалын тогтолцоонд ноцтой өөрчлөлт гарч эргэж хэвдээ орох боломжгүй нөхцөл үүснэ.
Дэлхийн дулаарлыг өдөөж буй уур амьсгалын өөрчлөлтийн зарим ноцтой гинжин холбоог дэлхийн эрдэмтэд хэдийнээ судлаад байна. Тухайлбал, Арктикийн далайн мөс хайлах тусам гүн далайн бараан ус дулааныг илүү ихээр шингээж, дулаарлыг түргэсгэж, мөсөн бүрхүүл хайлахад хүргэж байна. Үүний нэгэн адил ойн түймэр ихээр гарах болсон нь хүлэмжийн хийг ялгаруулж, дулаарлыг улам бүр өдөөж, ойн түймэр илүү олноор гарахад хүргэж байна. Мөнх цэвдэг гэсч хайлах, ой мод хомсдож доройтох, шавж хорхойн дэгдэлт нэмэгдэх зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн эргэх гинжин холбоотой ноцтой нөлөөлөл олноор илрэх болсон.
Эргэлтийн цэг гэдэг нь дэлхийн дундаж температурыг бууруулахад чиглэсэн төлөвлөгөөт арга хэмжээнүүд амжилттай хэрэгжиж байсан ч дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй зарим өөрчлөлтүүд эргүүлж хэвд нь оруулах ямар ч боломжгүй болох цэг юм. Эдгээр өөрчлөлтүүд нь хүн төрөлхтөн болоод манай гаригийн алс ирээдүйг маш ноцтой үр дагаварт хүргэх хэмжээний гэнэтийн бөгөөд аюултай нөлөөллийг үзүүлж болзошгүй юм.
Дэлхийн дулаарал нэмэгдэх тусам уур амьсгалын өөрчлөлтийн хэд хэдэн эргэлтийн цэгүүд үүсэх магадлал өндөр байна. Үүний нэг нь Гренланд болон Баруун Антарктидын мөсөн бүрхүүлийн хагаралт үүсэх тохиолдолд далайн түвшин мэдэгдэхүйц дээшилж, эрэг орчмын хүн ам, экосистемд ноцтой аюул учруулах болно. Өөр нэг асуудал бол тундрын бүс нутгийн мөнх цэвдэг гэсч хайлах аваас асар их хэмжээний хуримтлагдсан хүлэмжийн хийг ялгаруулж, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийг улам илүүтэйгээр түргэсгэнэ. Шүр олборлолтыг их хэмжээгээр явуулах болон ширэнгэн ой устаж доройтсоноор биологийн олон янз байдал болон хүний нийгэмд асар их хор нөлөө үзүүлэх зэргээр хэд хэдэн эргэлтийн цэгүүд үүсч болзошгүй юм.
Парисын хэлэлцээрийн дагуу улс орнууд дэлхийн дулаарлыг Цельсийн 1.5 хэмд хүргэлгүй тогтоон барихын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авах төлөвлөгөөтэй байна. Гэсэн хэдий ч хамгийн сайн хувилбарыг хэрэгжүүллээ ч гэсэн эдгээр зорилтууд түр хугацаанд хэрэгжихгүй байх магадлал байна. Уур амьсгалын хэт халалт гэдэг нь дэлхийн дулаарлыг бууруулж улмаар Цельсийн 1.5 хэмээс доош орж тогтворжиж эхлэх үеэс өмнө дэлхийн дулаарал Цельсийн 1.5 хэмээс хэтрэх тэр үеийг хэлнэ. Ийм үе энэ зууны дунд үед тохиох магадлал байна.
Уур амьсгалын хэт халалтын үе удаан үргэлжлэх тусам илүү аюултай байх болно. Манай дэлхийн өндөр хэм удаан үргэлжлэх нь байгалийн экосистем, биологийн олон янз байдал, хүн төрөлхтөнд, ялангуяа, хуурай газар нутаг, эрэг орчмын бүс нутгууд болон бусад эмзэг газруудад сүйрлийн бөгөөд эргэлт буцалтгүй ноцтой нөлөө үзүүлэхээр байна. Ойрын арван жилийн хугацаанд хүлэмжийн хийн ялгаруулалтыг эрчимтэй бууруулах нь уур амьсгалын хэт халалтын үргэлжлэх хугацаа, үзүүлэх хор уршгийг хязгаарлахад нэн чухал юм.
Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах гэдэг нь хүлэмжийн хийн ялгарал нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх, улмаар бууруулах, эдгээр хийг агаар мандлаас зайлуулдаг нүүрстөрөгч шингээгчийг нэмэгдүүлэх зорилго бүхий засгийн газар, бизнес эрхлэгчид, хүмүүсийн авч буй арга хэмжээг хэлж буй юм.
Салхи, нар гэх зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжих, эрчим хүчийг илүү хэмнэлттэйгээр ашиглах, нүүрстөрөгч бага ялгаруулдаг буюу нүүрстөрөгч ялгаруулдаггүй тээврийг нэвтрүүлэх, тогтвортой хөдөө аж ахуй, газар ашиглалтыг дэмжих, үйлдвэрлэл, хэрэглээний загвар, хоол хүнсний дэглэмийг өөрчлөх замаар хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах буюу урьдчилан сэргийлэх боломжтой. Ой мод, чийглэг болон намгархаг газрыг нөхөн сэргээх, хөрсийг эрүүлжүүлэх, хуурай газрын болон далай, тэнгисийн экосистемийг хамгаалах замаар нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх боломжтой.
Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чиглэсэн арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэхийн тулд улс орнууд хууль тогтоомж, бодлого, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх нь нэн чухал юм.
- Таны мэдлэгийн санд: Парисын хэлэлцээрийн нэн чухал зорилго болох дэлхийн дулаарлыг Цельсийн 1.5 хэмд хүргэлгүй хязгаарлахын тулд дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга хэмжээг хэрэгжүүлэх замаар 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 45 хувиар бууруулж, энэ зууны дунд үе гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалт болон шингээлтийн зөрүүг тэглэх зорилт тавьсан.
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох гэж цаг агаарын эрс тэс үзэгдэл, гамшигт нөхцөл байдал, далайн түвшний нэмэгдэлт, биологийн олон янз байдлын доройтол, хоол хүнс, усны аюулгүй байдал зэрэг уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн өнөөгийн тулгамдаж байгаа болон цаашид тулгарч болзошгүй эмзэг байдлыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг хэлнэ.
Бид хүлэмжийн хийн ялгаралыг мэдэгдэхүйц хэмжээгээр түргэн бууруулахаар өөдрөгөөр тооцсон хувилбаруудыг хэрэгжүүллээ ч системийн хэмжээнд хэдийнээ хуримтлагдсан эрчим хүчний асуудлын улмаас уур амьсгалын өөрчлөлт манай дэлхийд ойрын хэдэн арван жилийн турш сөргөөр нөлөөлсөөр байх болно. Иймээс хүн төрөлхтөн, байгаль дэлхийгээ хамгаалахын тулд эдгээр нөлөөнд өргөн хүрээнд дасан зохицох шаардлагатай болж байна.
Улс, орон нутгийн түвшинд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох тодорхой арга хэмжээг авах шаардлагатай бөгөөд үүнд хөдөө орон нутгийн иргэд, хотууд томоохон үүрэг гүйцэтгэх ёстой. Эдгээр арга хэмжээнд ган гачигт илүү тэсвэртэй үр тарианы сортыг тариалах, нөхөн сэргээгдэх газар тариалан эрхлэх, усны хуримтлал, ашиглалтыг сайжруулах, ой хээрийн түймрийн эрсдлийг бууруулахын тулд газар нутгийг зохистойгоор ашиглах, үер ус, хэт халалт зэрэг цаг агаарын эрс тэс үзэгдлээс сэргийлэх илүү хүчтэй хамгаалалтын тогтолцоог бий болгох зэрэг хамаарна.
Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох ажлыг үндэсний болон олон улсын түвшинд хэрэгжүүлэх шаардлагатай. Дасан зохицох ажлыг зохицуулахтай холбоотой бодлогыг боловсруулахаас гадна улс орнууд далайн түвшин нэмэгдэх эрсдэл нүүрэлсэн эрэг орчмын бүс нутгуудын дэд бүтцийг нүүлгэн шилжүүлэх, бэхжүүлэх, цаг агаарын эрс тэс нөхцөлийг тэсвэрлэх чадвартай дэд бүтцийг бий болгох, эрт сэрэмжлүүлэх системийг сайжруулах, гамшгийн мэдээллийг хүртээмжтэй болгох, уур амьсгалтай холбоотой аюул эрсдлийн даатгалын тусгай механизмыг хөгжүүлэх, ан амьтан, байгалийн экосистемийг хамгаалах хамгаалалтын шинэ механизмыг бий болгох зэрэг өргөн цар хүрээтэй арга хэмжээг авах хэрэгтэй.
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг даван туулах чадвар гэж тухайн орон нутаг болон байгаль орчны уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг урьдчилан таамаглах, сэргийлэх, зохицуулах, тэдгээрээс үүдэх хохирлыг багасгах, анхны цочролын дараа шаардлагатай тохиолдолд нөхөн сэргээх, өөрчлөх чадварыг хэлнэ.
Нийгмийн сайн сайхан байдал, эдийн засгийн үйл ажиллагаа, байгаль орчныг хамгийн сайнаар хамгаалахын тулд хүмүүс, олон нийт, улс орнууд уур амьсгалын өөрчлөлтөөс зайлшгүй тулгарах нөлөөллийг даван туулах бэлтгэлтэй байх шаардлагатай. Хүмүүсийг шинэ ур чадварт сургах, өрхийн орлогын эх үүсвэрийг төрөлжүүлэх, гамшгийн үед хариу арга хэмжээ авах, сэргээн босгох чадавхийг бэхжүүлэх, цаг агаарын мэдээлэл, эрт сэрэмжлүүлэх системийг сайжруулан бэхжүүлэх, урт хугацааны төлөвлөлтийг хөгжүүлэх замаар үүнийг хийж болно.
Эцсийн дүндээ уур амьсгалын өөрчлөлтөд үнэхээр тэсвэртэй нийгэм бол нүүрстөрөгч бага ялгаруулдаг нийгэм юм. Учир нь хүлэмжийн хийн ялгаралыг эрс бууруулах нь ирээдүйд уур амьсгалын өөрчлөлтийн ноцтой нөлөөллийг хязгаарлах хамгийн сайн арга болно. Нүүрстөрөгч бага ялгаруулдаг нийгэм нь эрх тэгш байдалд тулгуурлах учир уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд хамгийн ихээр өртөж байгаа, түүнийг даван туулах чадваргүй хүмүүс, олон нийтэд үзүүлэх дэмжлэгийг нэн тэргүүнд тавьж байдаг.
Нүүрстөрөгчийн ул мөр гэдэг нь хувь хүн, байгууллага, бүтээгдэхүүн, үйл ажиллагаанаас хамааралтайгаар агаар мандалд ялгаруулж буй хүлэмжийн хийн ялгаралын хэмжүүр юм. Нүүрстөрөгчийн ул мөр их байна гэдэг нь нүүрстөрөгчийн давхар исэл, метан хий ялгаруулалтыг нэмэгдүүлж, улмаар уур амьсгалын хямралд илүү их нэрмээс болж байна гэсэн үг.
Хувь хүн болон байгууллагын нүүрстөрөгчийн ул мөрийг хэмжихдээ эрчим хүч үйлдвэрлэл, халаалт, газрын болон агаарын тээвэрт зориулан малтмал түлш хэрэглэснээс үүсэх нүүрсхүчлийн хийн шууд ялгаруулалт, мөн бүх төрлийн хүнс, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хаягдал, хэрэглэсэн үйлчилгээ зэргээс үүсэх нүүрсхүчлийн хийн шууд бус ялгаруулалтын аль алиныг хамтад нь тооцож үзэх шаардлагатай.
Нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг нар, салхины эрчим хүчний эх үүсвэрт шилжих, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, салбарын бодлого, зохицуулалтыг бэхжүүлэх, худалдан авалт, аяллын дадал зуршлыг өөрчлөх, махны хэрэглээ болон хүнсний хог хаягдлыг багасгах замаар нүүрстөрөгчийн ул мөрийг бууруулах боломжтой.
Уур амьсгалын шударга ёс гэж эрх тэгш байдал, хүний эрх нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх шийдвэр гаргах болон үйл ажиллагааны үндэс суурь байхыг хэлнэ.
Улс орнуудын зүгээс уур амьсгалын хямралд хүлээх хариуцлага харилцан тэгш бус байж ирсэн явдал бол уур амьсгалын шударга ёсны нэг гол асуудал болж байна. Энэ нь хүлэмжийн хийг хамгийн ихээр ялгаруулдаг үйл ажиллагаанаас хөрөнгөжсөн улс орон, салбар, аж ахуйн нэгжүүд нь хэдийгээр уур амьсгалын хямралд хамгийн багаар нөлөөлж байгаа ч уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд хамгийн ихээр өртөж буй хүмүүс, улс орон, нийгэмд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сааруулах, даван туулахад нь туслах үүрэгтэй болохыг харуулж байна.
Улс орнууд дотооддоо ч гэсэн үндэс угсаа, арьсны өнгө, хүйс, нийгэм-эдийн засгийн байдлаас шалтгаалсан бүтцийн эрх тэгш бус байдлын улмаас уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх асуудлыг шийдвэрлэх үүрэг хариуцлагыг шударгаар хуваалцаж үүрэх шаардлагатай бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийг өдөөж уур амьсгалын хямралд хүргэхэд хувь нэмэр оруулж, үр шимийг нь хүртэж буй хүмүүс, талууд хамгийн том хариуцлагыг нийгмийн өмнө хүлээх ёстой.
Уур амьсгалын шударга ёсны бас нэг гол асуудал нь үе дамжсан асуудал юм. Уур амьсгалын хямралд хараахан хувь нэмэр оруулаагүй ч уур амьсгалын өөрчлөлтийн уршиг нөлөөллийн хамгийн хүндийг өнөөгийн хүүхэд, залуучууд амьдралынхаа туршид үүрэх болно. Тэдний хүний эрхийн асуудал өмнөх үеийнхний шийдвэрээс болж аюул эрсдэлд өртөж байгаа учир уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бүхий л шийдвэр, үйл ажиллагаанд залуучууд гол үүрэг гүйцэтгэх ёстой.
Байгальд суурилсан шийдэл нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, нөлөөллийг сааруулах хүчин чармайлтыг дэмжих, биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор экосистемийг хамгаалах, хадгалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглах, удирдах үйл ажиллагаа юм. Эдгээр арга хэмжээ нь экосистемийн болоод биологийн олон янз байдлын ач холбогдлыг нэн тэргүүнд тавьдаг бөгөөд байгаль хамгаалах талаар үеэс үед уламжлагдан ирсэн мэдлэг бүхий орон нутгийн оршин суугчид, уугуул хүмүүсийн бүрэн оролцоо, зөвшөөрлөөр боловсруулж хэрэгжүүлдэг.
Байгальд суурилсан шийдлүүд нь хуурай газар, цэнгэг ус, далай тэнгисийн эрэг орчмын бүс нутгууд, экосистемийг хамруулан тодорхой зорилго, олон арга замаар хэрэгждэг. Чийглэг намгархаг газрыг нөхөн сэргээх нь ард иргэдийг үер уснаас хамгаалах бол мангро ойг хамгаалах замаар хүнсний эх үүсвэрийг хамгаалж, салхи шуурганы нөлөөллийг багасгах боломжтой. Ой мод нь нүүрстөрөгчийн давхар ислийг шингээж, биологийн олон янз байдал цэцэглэн хөгжих боломж олгож, усны аюулгүй байдлыг сайжруулах, хөрсний гулгалтаас сэргийлэх боломжийг олгодог бол хот суурингийн цэцэрлэгжүүлэлт, зүлэгжүүлэлт ногоожуулалтыг дэмжсэнээр хуурайшилт, хэт халалтын нөлөөг хязгаарлахад тусална. Тариалангийн газрыг сэлгэн ашиглах, нөхөн сэргээх арга технологийг нэвтрүүлснээр хөрсөнд хуримтлагдах нүүрстөрөгчийн хэмжээг нэмэгдүүлж, хөрсийг эрүүлжүүлж, бүтээмжийг нь сэргээдэг.
Байгальд суурилсан шийдлүүдийг хэрэгжүүлснээр олон асуудлыг нэгэн зэрэг шийдэх боломжтой тул хүмүүс, байгалийн аль алинд ашиг тустай. Ингэснээр эх дэлхийгээ хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэхийн зэрэгцээ шинээр ажлын байр бий болгож, амьжиргааны шинэ, тогтвортой нөхцөлийг бүрдүүлж, орлого нэмэгдүүлэх боломжтой.
Уугуул хүмүүсийн амьдралын хэв маяг нь угаасаа нүүрстөрөгч бага ялгаруулдаг төдийгүй хүн, байгаль ертөнцийн тэнцвэрт байдлыг чухалчилдаг. Тэдний уламжлалт амьдралын хэв маяг нь байгаль орчинд үзүүлэх нөлөө багатай төдийгүй мэдрэмжтэй ханддагийн зэрэгцээ өөрийгөө тэтгэх экосистемийг бий болгож чаддаг.
Уугуул хүмүүс нь уур амьсгалын өөрчлөлтийг хамгийн түрүүнд мэдэрсэн хэсэг бүлгийн нэг бөгөөд тэдний мэдлэг, туршлага нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг даван туулах, дасан зохицоход тусална. Үеэс үед дамжиж ирсэн, нийгэмд суурилсан уугуул хүмүүсийн мэдлэг нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, дасан зохицох, даван туулах чадварыг бий болгоход чиглэсэн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх шийдлүүдийн чухал эх сурвалж юм. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн хувилбаруудыг үнэлэхэд шаардагдах газар зүйн нарийн мэдээллээр судалгаа шинжилгээний өгөгдлийг баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулна.
Манай дэлхийн биологийн олон янз байдлын 80 орчим хувийг Уугуул Хүмүүс хамгаалж байгаа хэдий ч уур амьсгалын өөрчлөлтийн талаарх дэлхийн бараг бүх шийдвэр гаргах үйл явцад тэдний дуу хоолой нь хүрэхгүй хязгаарлагдсан хэвээр байна. Уугуул хүмүүсийн хамтын мэдлэг, үнэ цэнэтэй санаа, өвөг дээдсийнхээ газар нутаг, нөөц баялагийг эзэмших эрх, амьдралын хэв маягийг нь хүлээн зөвшөөрч, улмаар уур амьсгалын өөрчлөлтийн талаарх аливаа бодлого, үйл ажиллагаандаа тэднийг заавал оролцуулах ёстой.
Олон улсын уур амьсгалын асуудлаарх хэлэлцээрүүдэд “Алдагдал, хохирол” гэсэн ойлголтын зөвшилцөлд хүрсэн тодорхойлолт үгүй юм. Гэсэн хэдий ч, энэ нэр томъёо нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход чиглэсэн арга хэмжээ авсан, эсэхээс үл хамааран үүсэх зайлшгүй нөлөөллийг илэрхийлж байгаа болно. Хамгийн чухал нь дасан зохицох боломж, чадвар хязгаарлагдмал гэдгийг онцлон тэмдэглэж, нэгэнт эргэлтийн цэгийн босгыг давах аваас уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс зайлсхийх ямар ч боломж үгүй болох тухай ойлголт юм.
Алдагдал, хохирол нь эдийн засгийн болон эдийн засгийн бус хохирлын аль алиныг илэрхийлж болно. Эдийн засгийн алдагдал, хохиролд хар салхи, үер усны улмаас удаа дараа эвдэрч сүйдсэн дэд бүтцийг сэргээн босгох зардал, аль эсвэл далайн түвшин нэмэгдэх, эргийн элэгдэл эвдрэлээс шалтгаалж эрэг орчмын газар нутаг (мөн орон сууц, аж ахуйн нэгжүүд) сүйдэх зэрэг хамаарна.
Эдийн засгийн бус алдагдал, хохиролд мөнгөн дүнгээр хялбархан илэрхийлэх боломжгүй сөрөг нөлөөллүүд орно. Үүнд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй аливаа гамшигт өртөх, хүмүүний амь нас хохирох, хүн амыг нүүлгэн шилжүүлэх, түүх, өв соёлын зүйлүүд эвдэрч сүйдэх, биологийн олон янз байдал устан сүйдэх зэрэг хамаарна.
Уур амьсгалын өөрчлөлт нь хүнс, ус, амьжиргааны баталгаагүй байдлыг улам бүр хурцатгаж, нүүлгэн шилжүүлэлт, шилжилт хөдөлгөөн, байгалийн баялгийн төлөөх өрсөлдөөнийг нэмэгдүүлэх зэрэг сүлжилдсэн үр дагаварт хүргээд зогсохгүй улс орон, бүс нутагт хурцадмал, тогтворгүй байдлыг дэврээхэд хүргэж болзошгүй юм. Цаашлаад, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл нь өнөөгийн байгаа хүчирхийллийн зөрчил мөргөлдөөнийг улам хурцатган удаашруулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, энх тайвныг тогтоох, тогтвортой байлгахад чиглэсэн арга хэмжээ авахад хүндрэл учруулж болзошгүй юм.
Уур амьсгалын аюулгүй байдал гэдэг нь уур амьсгалын хямралаас үүдэж энх тайван, тогтвортой байдалд учирч болзошгүй эрсдэлийг үнэлэх, удирдах, бууруулахыг хэлнэ. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход чиглэсэн үйл ажиллагаа нь ямар ч хор хөнөөл учруулахгүй, харин ч энх тайван, тогтвортой байдалд эерэгээр нөлөөлнө гэсэн үг юм. Зөрчил мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, энхийг сахиулах үйл ажиллагаа ч мөн уур амьсгалын өөрчлөлтийн мэдрэмжтэй байна гэсэн үг. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох аливаа шийдлүүд нь ялангуяа зөрчил мөргөлдөөн, эмзэг байдалд нэрвэгдсэн орнуудад энх тайвныг бий болгож, нийгмийн бүтцэд өөрчлөлт хийх таатай боломж болж чадна.
- Таны мэдлэгийн санд: Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ нь зөрчил мөргөлдөөн, эмзэг байдлыг өдөөгч хүчин зүйлсийг бууруулахад тусалдаг. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх нь цэвэр ус, гэрэл, дулаан, амьжиргааны эх үүсвэр, суурь болоод яаралтай тусламжийн үйлчилгээгээр хангах авралын дэмжлэг байж болно. Энэ нь орон нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжихийн зэрэгцээ улс орнуудыг тогтвортой хөгжил, сэргэлтийн замд оруулна.
Уур амьсгалын санхүүжилт гэж уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааг дэмжихэд ашигладаг санхүүгийн эх үүсвэр, хэрэгслийг хэлнэ. Дэлхий нийтээр нүүрстөрөгчийн ялгарал багатай эдийн засагт шилжих, нийгэмд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг даван туулах, улмаар дасан зохицох чадавхийг бэхжүүлэхэд туслахын тулд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай тул уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэхэд уур амьсгалын санхүүжилтын механизм чухал ач холбогдолтой юм.
Уур амьсгалын санхүүжилт нь төр болон хувийн хэвшил, үндэсний болон олон улсын, хоёр талт болон олон талт хамтын ажиллагаа зэрэг төрөл бүрийн эх үүсвэрээс бүрдэж болно. Ингэхдээ хандив, буцалтгүй тусламж, ногоон бонд, өрийн солилцоо, баталгаа, хөнгөлөлттэй зээл гэх мэт санхүүгийн төрөл бүрийн хэрэгслийг ашиглах боломжтой. Уур амьсгалын санхүүжилтийг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах чадавхийг бий болгох зэрэг тодорхой зорилго бүхий үйл ажиллагаанд ашиглана.
Уур амьсгалын ногоон сан (GCF), Даян дэлхийн байгаль орчны сан (GEF), Дасан зохицох сан (AF) зэрэг олон талт хамтын ажиллагааны байгууллагуудад улс орнууд хандаж болно. Түүхэндээ уур амьсгалын өөрчлөлтөд томоохон хувь нэмэр оруулсан өндөр орлоготой орнуудын зүгээс бага орлоготой орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулж жил бүр 100 тэрбум ам.долларын хөрөнгө хуримтлуулж сан босгох үүрэг хүлээсэн. Гэсэн хэдий ч энэ зорилтод хараахан хүрч чадаагүй байгаа бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сааруулах, дасан зохицох арга хэмжээний аль алинд нь илүү их санхүүжилт шаардлагатай хэвээр байна.
- Таны мэдлэгийн санд: Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаанд зориулсан хөрөнгө оруулалт нь нэрвэгдсэн хойно нь зарцуулснаас хавьгүй өндөр үр дүнг авчирдаг болохыг олон судалгаа, тайлан харуулж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаанд зориулсан нэг америк долларын хөрөнгө оруулалт дунджаар 4 америк долларын үр ашиг авчирдаг болохыг Дэлхийн банкны нэгэн судалгаанд тэмдэглэжээ.
Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн зөрүүг тэглэх гэдэг нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг хүний хүчин чармайлтаар (жишээлбэл, нүүрстөрөгчийн давхар ислийг шингээх нүүрстөрөгчийн шингээгч бий болгох замаар) тэнцвэржүүлж, улмаар агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламжийн цаашдын өсөлтийг хязгаарлахыг хэлнэ.
Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн зөрүүг тэглэхийн тулд бид эрчим хүч, тээвэр, үйлдвэрлэл, хэрэглээний тогтолцоогоо бүрэн өөрчлөх шаардлагатай. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн муу үр дагавар үүсэхээс урьдчилан сэргийлэхэд зайлшгүй шаардлагатай.
- Таны мэдлэгийн санд: Дэлхийн дулаарлыг Цельсийн 1.5 хэмээс доош тогтоон барихын тулд дэлхийн улс орнуудын хүлэмжийн хийн ялгаралын түвшин хамгийн дээд хэмжээндээ 2025 он гэхэд хүрч, улмаар бууруулсаар энэ зууны хоёрдугаар хагаст хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн зөрүүг тэглэх үүрэг хүлээсэн. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтний зөвлөл (УАӨ-ЗГХМЗ)-өөс дэлхий нийтээр нүүрсхүчлийн давхар исэл (CO2)-ийн ялгаруулалтыг 2030 он гэхэд 45 хувиар (2010 оны түвшинтэй харьцуулахад) бууруулах, улмаар энэ зууны дунд үе гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалт, шингээлтийн зөрүүг тэглэхийг зөвлөмж болгосон.
Нүүрстөрөгчгүйжүүлэх гэдэг нь тухайн нийгмийн ялгаруулж буй хүлэмжийн хийн хэмжээг бууруулахаас гадна шингээж буй хэмжээг нэмэгдүүлэхийг хэлнэ. Энэ нь эрчим хүч, бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрхэн үйлдвэрлэж, хүргэх, барилга байгууламжийг хэрхэн барих, газар нутгийг хэрхэн яаж удирдах зэргээс эхлээд эдийн засгийн бүх харилцааг биш юмаа гэхэд олон зүйлийг өөрчлөхийг шаардана.
Парисын хэлэлцээрийн зорилтуудыг биелүүлэх, дэлхийн дундаж температурыг Цельсийн 1.5° хэмд хүргэлгүй тогтоон барих зорилтыг хадгалахын тулд улс орнууд, бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа 2030 он гэхэд шуурхай нүүрстөрөгчгүйжүүлэх шаардлагатай. Нүүрстөрөгчгүйжүүлэлтийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэхийн тулд нүүрстөрөгч бага ялгаруулдаг дэд бүтэц, тээвэр, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, хаягдалгүй эдийн засаг, нөөц хэмнэлт, газар, хөрсний нөхөн сэргээлт зэрэгт их хэмжээний хөрөнгө оруулалтыг харамгүй хийх шаардлагатай. Эдийн засгийн өсөлтийг шүтсэн өнөөгийн загваруудыг мөн бүх хүчээ дайчлан өөрчлөх шаардлага тавигдаж байна.
Сэргээгдэх эрчим хүч гэдэг нь салхи, нарны гэрэл, усны урсгал, газрын гүний дулаан зэрэг байнга нөхөгдөж байдаг байгалийн эх үүсвэрээс гаргаж авсан эрчим хүч юм. Уур амьсгалын өөрчлөлтийг үүсгэж буй хүлэмжийн хийн ялгарлын 75 хувийг бүрдүүлдэг нүүрс, газрын тос, байгалийн хий зэрэг малтмал түлшнээс гаргаж авдаг эрчим хүчээс ялгаатай нь сэргээгдэх эх үүсвэрээс гаргаж авах эрчим хүч нь хямд, байгаль орчинд ээлтэй, тогтвортой бөгөөд илүү олон ажлын байр бий болгох давуу талтай.
Эрчим хүч, халаалт, хөргөлт, тээвэр, аж үйлдвэр зэрэг бүх салбарт малтмал түлш хэрэглэхээс түдгэлзэж, сэргээгдэх эрчим хүч ашиглахад шилжих нь уур амьсгалын хямралыг шийдвэрлэх гол түлхүүр юм. Дэлхийн дулаарлыг Цельсийн 1.5 хэмд хүргэлгүй тогтоон барихын тулд дэлхий нийтээр малтмал түлш хэрэглэхээс аажмаар татгалзаж, сэргээгдэх эх үүсвэр ашиглах замаар эрчим хүчний системд гүн гүнзгий өөрчлөлт хийх шаардлагатай байна.
- Таны мэдлэгийн санд: 2022 оны байдлаар дэлхийн цахилгаан эрчим хүчний 29 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс хангаж байсан. Зөв хөрөнгө оруулалт хийж чадвал 2030 он гэхэд дэлхийн нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 65 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс үйлдвэрлэх хямд эрчим хүчээр хангах боломжтой.
Нүүрстөрөгч шингээгч гэдэг нь агаар мандалд ялгарч байгаагаас илүү нүүрстөрөгчийн давхар ислийг шингээж авдаг аливаа процесс, үйл ажиллагаа, механизмыг хэлнэ. Ой мод, далай тэнгис, хөрс нь манай дэлхийн хамгийн том байгалийн нүүрстөрөгч шингээгчид юм.
Далай тэнгис нь далайн экосистем, тэдгээрт оршдог ургамал, амьтны төрөл зүйлүүдээр дамжуулан агаар мандлаас нүүрстөрөгчийн давхар ислийг шингээж байдаг. Далайн экосистем дэх нүүрстөрөгчийн шингэлтийг ерөнхийд нь цэнхэр нүүрстөрөгч гэж нэрлэдэг. Ой мод, хөрс нь мод, ургамал, намгархаг газар, хүлэрт намаг, ургамлын хог хаягдал дахь нүүрстөрөгчийг хадгалан агуулж байдаг манай дэлхийн байгалийн нүүрстөрөгч шингээгчид юм.
Өнөөгийн малтмал түлшний хэрэглээ, ой модыг устгаж доройтуулах зэрэг хүний үйл ажиллагаа нь дэлхийн байгалийн нүүрстөрөгч шингээгчийн хүчин чадлаас давсан хэмжээгээр нүүрстөрөгчийг агаар мандалд ялгаруулж, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийг өдөөж байна. Хүний зохисгүй үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлт нь эдгээр байгалийн нүүрстөрөгч шингээгчийг хүчгүйдүүлж, улмаар тэдгээрт хуримтлагдсан нүүрстөрөгчийг дахин агаар мандалд ялгаруулах аюулд хүргэж байна. Иймээс нүүрстөрөгч шингээгчийг хамгаалж, тэдгээрийн нүүрстөрөгч шингээх, урт хугацаанд хадгалах чадварыг нь нэмэгдүүлэх бодлого бол уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, уур амьсгалыг тогтворжуулах гол стратеги байх ёстой.
Нүүрстөрөгчийг агаараас ялгах гэдэг нь ойжуулалт, хөрсний менежмент гэх мэт байгалийн шийдлүүд, аль эсвэл агаараас нүүрстөрөгчийг шууд ялгаж, эрдэсжилтийг сайжруулах зэрэг технологийн шийдлүүдийн тусламжтайгаар хүлэмжийн хийн ялгарлыг агаар мандлаас ялгах үйл явц юм. Ийнхүү агаараас нүүрстөрөгчийг ялгах нь хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахыг бүхэлд нь орлох арга биш боловч уур амьсгалын өөрчлөлтийг удаашруулж болох бөгөөд бид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилтдоо хүрэх хугацааг түр зуурч болсон богиносгох шаардлагын үүднээс авч буй арга хэмжээ юм.
Нүүрстөрөгчийг хуримтлуулах, хадгалах гэдэг нь малтмал түлшний цахилгаан станцууд болон үйлдвэрлэлийн бусад процессуудаас үүссэн нүүрстөрөгчийн ялгаралыг газрын гүнд хуримтлуулан хадгалах замаар агаар мандалд дэгдэхээс нь өмнө тогтоон барих үйл явц юм. Хэдийгээр нүүрстөрөгчийн хуримтлал, хадгалалтыг ногоон эрчим хүчний шилжилтийн нэг хувилбар хэмээн үзэж болохгүй боловч энэ аргыг нүүрстөрөгчгүйжүүлэхэд төвөгтэй салбарууд, ялангуяа цемент, ган, химийн бодис зэрэг хүнд үйлдвэрүүдийн хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах нэг арга зам болгон ашиглаж байна.
Нүүрстөрөгчийн зах зээл нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, арилгахад чиглэсэн үйл ажиллагаанд санхүүгийн хөшүүргийг бий болгодог арилжааны схемүүд юм. Эдгээр схемд хүлэмжийн хийн ялгаралыг нүүрстөрөгчийн зээлээр тооцож, зарж, худалдаж авах боломжтой. Борлуулж болох нүүрстөрөгчийн зээлийн нэг нэгж нь нэг тонн нүүрстөрөгчийн давхар исэл буюу түүнтэй тэнцүү хэмжээний бууруулсан, шингээсэн, зайлуулсан хүлэмжийн хийтэй тэнцэнэ.
Нүүрстөрөгчийн зээлийг улс орнууд ҮТХН-ийн стратегийн нэг хэсэг болгон худалдаж авах, мөн тогтвортой хөгжлийн төлөө тууштай ажилладаг аж ахуйн нэгжүүд болон нүүрстөрөгчийн ул мөрөө бууруулах хүсэлтэй хувь хүмүүс худалдан авч болно.
Нүүрстөрөгчийн зээл олгох ажлыг хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах, арилгах хөтөлбөр боловсруулдаг хувийн байгууллагууд, улс орнууд гүйцэтгэдэг. Эдгээр хөтөлбөрүүд нь гуравдагч этгээдээр баталгаажуулсан гэрчилгээтэй байхын зэрэгцээ нүүрстөрөгчийн зах зээлийн стандартын дагуу бүртгэлтэй байх ёстой.
Нүүрстөрөгчийн зах зээлийг амжилттай хөгжүүлэхийн тулд нүүрстөрөгчийн тооцоо бүртгэлийн найдвартай байдлыг баталгаажуулах, нүүрстөрөгчийн зах зээлийн гүйлгээний ил тод байдлыг хангах, хүний эрхийн зөрчил болон нийгэмд үзүүлэх бусад сөрөг нөлөөллөөс хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх, ногоон угаалга (бодит арга хэмжээ авалгүйгээр авч буй мэт сурталчилгаа хийх) болон нүүрстөрөгчийн ялгаралгүй бүтээгдэхүүн, үйлчилгээг буруугаар сурталчлахтай тэмцэх зэрэг үйл ажиллагаанд улс орнууд хамтран оролцох ёстой.
Нөхөн сэргээгдэх газар тариалан нь хөрсийг эрүүлжүүлж сэргээх, улмаар усны хэрэглээг бууруулж, газрын доройтлоос урьдчилан сэргийлж, биологийн олон янз байдлыг хамгаалах газар тариалангийн арга юм. Хөрс боловсруулах ажлыг багасгаж, сэлгэн тариалах аргыг нэвтрүүлэх, малын бууц, бордоо ашиглах зэргээр нөхөн сэргээгдэх газар тариалангийн арга техникийг нэвтрүүлснээр хөрсөнд илүү их нүүрстөрөгч хуримтлуулж, чийгийг хадгалж, мөөгөнцрийн бүлгэмдэл цэцэглэх, хөрс эрүүлжих нөхцөлийг бүрдүүлдэг.
Эрчимжсэн хөдөө аж ахуй нь манай дэлхийн хүлэмжийн хийн ялгаралын гуравны нэгийг бүрдүүлдэг бөгөөд бидний хэрэглэж буй цэвэр усны 70 хувийг ашиглахын зэрэгцээ хүнд машин механизм, химийн бордоо, пестицидийн ашиглалтаас болж хөрсний доройтолд хүргэдэг. Түүнчлэн биологийн олон янз байдлыг алдагдуулж буй хамгийн том хүчин зүйл юм. Харин эсрэгээрээ нөхөн сэргээгдэх газар тариалангийн арга техникийг нэвтрүүлснээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, усны нөөцийг хамгаалж, газрыг нөхөн сэргээхэд тусална. Түүгээр ч зогсохгүй эрүүл хөрс нь илүү их хүнс үйлдвэрлэж, тэжээллэг чанарыг сайжруулж, экосистем, биологийн олон янз байдлыг сэргээхэд эерэг нөлөө үзүүлнэ.
Ой мод нь агаар мандлаас нүүрстөрөгчийн давхар исэл, бохирдуулагч бодисыг шимэгдүүлж, хөрсний эвдрэлээс сэргийлж, усыг шүүж, манай дэлхийн хуурай газрын амьтан, ургамал, шавжийн тэн хагасын амьдрах орчныг бүрдүүлж байдгаараа асар их ашиг тустай. Ойжуулалт ба ой үржүүлэг нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, улмаар түүний нөлөөллийг хязгаарлах хамгийн үр дүнтэй байгальд суурилсан шийдлүүд юм.
Ойжуулалт гэдэг нь урьд өмнө нь ой модоор бүрхэж байсан боловч ой хээрийн түймэр, ган гачиг, өвчин эмгэг, хөдөө аж ахуйн зориулалтаар мод бэлтгэх зэрэг хүний үйл ажиллагааны улмаас ой мод нь устаж үгүй болсон газар нутгуудад ой мод дахин тариалж нөхөн сэргээх үйл явц юм.
Ой үржүүлэг гэдэг нь ойрын түүхэн хугацаанд ой модгүй байсан газар нутагт шинээр мод тарьж ойжуулах ажил юм. Ой үржүүлэг нь эвдэрч доройтсон газар тариалангийн талбайг нөхөн сэргээх, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, нүүрстөрөгчийн шингээлтийг бий болгох, орон нутгийн иргэдэд эдийн засгийн шинэ шинэ боломжийг бий болгоход тусална.
Байгалийн дахин сэргээлт гэдэг нь хүний үйл ажиллагааны улмаас доройтож сүйдсэн экосистемийг бүхэлд нь дахин сэргээн босгох үйл явц юм. Хүн төрөлхтний зорилтот оролцоотойгоор тодорхой төрөл зүйлийг аврахад чиглэдэг байгаль хамгаалах үйл явцаас илүүтэйгээр байгалийг дахин сэргээх гэдэг нь байгаль дэлхийг жам ёсоороо эргэж сэргэн төлжих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор томоохон газар нутгийг тусгаарлаж хамгаалах үйл явц юм. Заримдаа экосистемийг бүхэлд нь нөхөн сэргээхэд туслах минж, чоно, томоохон өвсөн тэжээлт амьтад зэрэг тухайн бүс нутагт устаж үгүй болсон биологийн тодорхой зүйлүүдийг дахин нутагшуулах шаардлага ч гарч болно.
Байгалийн дахин сэргээлтийг дэмжсэнээр ой модод байгалийн жам ёсоор нөхөн сэргэж агаар мандлаас илүү их нүүрстөрөгчийн давхар ислийг шингээх замаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд тусалдаг. Ийнхүү байгалийн баялаг амьдрах орчныг бий болгосноор биологийн олон янз байдал устаж доройтохоос урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ байгаль дэлхий уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож, дулаарал эрчимжихийн хэрээр зэрлэг ан амьтад хойд туйл руу нүүдэллэх боломжийг бүрдүүлэхэд тус болно.
Тойрог эдийн засаг гэж хог хаягдлыг багасгаж, бохирдлыг бууруулах, байгалийн нөөцийн зохистой хэрэглээг дэмжих, байгалийг нөхөн сэргээхэд туслах үйлдвэрлэл, хэрэглээний загварыг хэлнэ.
Тойрог эдийн засгийн арга хандлага бидний эргэн тойронд хэрэгжиж байдаг. Ийм арга хандлагыг нэхмэл эдлэлийн үйлдвэрлэлээс эхлээд орон сууц, барилга байгууламж барих зэрэг олон салбарын зураг төсөл, үйлдвэрлэл, түгээлт, устгалт зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн мөчлөгийн үе шат бүрт ашиглаж болно.
Тойрог эдийн засгийн арга хандлагыг ашигласнаар бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд туслахаас гадна уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал устаж доройтох зэрэг бусад олон сорилтуудыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тойрог эдийн засагт шилжсэнээр шинээр ногоон ажлын байр бий болгохын зэрэгцээ улс орнуудын нүүрстөрөгчийн ялгарал багатай, эрсдлийг даван туулах чадвартай эдийн засагт шилжих үйл явцыг түргэсгэнэ.
- Таны мэдлэгийн санд: Өнөөгийн байдлаар нийт хаягдал материалын дөнгөж 7.2 хувийг дахин боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулж байна. Энэ нь байгаль орчинд ихээхэн дарамт учруулаад зогсохгүй уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын доройтол, хүлэмжийн хийн ялгаралыг нэмэгдүүлэхэд ихээхэн нэрмээс болж байна.
Эх дэлхийд амьдрах боломжийг хүн төрөлхтөнд олгож байдаг гараг ертөнцийн системийг манай дэлхийн далай тэнгисийн хэм, химийн найрлага, урсгал, амьтан, ургамал цогцоороо жолоодож байдаг. Бороо цас, ундны ус, цаг агаар, уур амьсгал, далай тэнгисийн эргийн бүс нутаг, бидний хэрэглэж буй ихэнх хоол хүнс, эм тариа, тэр ч байтугай амьсгалж буй агаар дахь хүчилтөрөгч бүгдийг нь далай тэнгис хангаж, зохицуулж байдаг. Гэтэл уур амьсгалын өөрчлөлтийн улмаас манай дэлхийн далай тэнгисийн төлөв байдал ихээхэн доройтож эрсдэлд орж байна.
“Цэнхэр эдийн засаг”-ийн ойлголт нь эдийн засгийн хөгжил, нийгмийн оролцоо, хүн амын амьжиргааг хамгаалах, сайжруулахыг дэмжихийн зэрэгцээ далай тэнгисийн болоод далай тэнгисийн эрэг орчмын бүс нутгийн байгаль орчны тогтвортой байдлыг хангах зорилготой.
Цэнхэр эдийн засгийн бүрэлдэхүүн хэсэгт загас агнуур, аялал жуулчлал, далайн тээвэр зэрэг далай тэнгисийн уламжлалт үйлдвэрлэл, аж ахуй хамаарахын зэрэгцээ далай тэнгисийн сэргээгдэх эрчим хүч, загасны аж ахуй, далайн ёроолын олборлох үйл ажиллагаа, далайн биотехнологи зэрэг шинээр гарч ирж буй салбарууд ч хамаарна.
Ногоон ажлын байр гэж байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулдаг зохистой ажлын байрыг хэлнэ. Сэргээгдэх эрчим хүч гэх зэрэг ногоон бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, дахин боловсруулалт хийх зэрэг байгаль орчинд ээлтэй үйл явцад ногоон ажлын байр бий болж байдаг. Эрчим хүч, материал түүхий эдийн үр ашгийг сайжруулах, хүлэмжийн хийн ялгарлыг хязгаарлах, хог хаягдал, бохирдлыг багасгах, экосистемийг хамгаалах, сэргээх, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд дасан зохицох үйл ажиллагааг дэмжих зэрэгт ногоон ажлын байр тусална.
Ногоон ажлын байрны зах зээл өргөжин тэлэхийн хэрээр улс орнууд ажиллах хүчиндээ ногоон ажлын байранд шаардагдах тодорхой ур чадвар, боловсролыг олгох ёстой. Иймээс залуучуудыг ирээдүйн ногоон ажилд бэлтгэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, нүүрстөрөгчийн давхар исэл ихээр ялгаруулдаг салбарт ажиллагсдыг дахин мэргэшүүлэх хөтөлбөрүүдэд хамруулах замаар үүнийг хэрэгжүүлэх боломжтой. Ингэснээр улс орнууд нүүрстөрөгчийн ялгарал багатай нийгэмд эрх тэгш, хүртээмжтэйгээр шилжих, хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх нөхцөл бүрдэнэ.
Уур амьсгалын хямралыг даван туулах олон нийтийн шахалт шаардлага нэмэгдэж байгаа энэ үед хувийн хэвшлийн компаниуд дэлхий нийтээр нүүрстөрөгчийн ялгарал багатай эдийн засагт шилжихэд нэгдэж байна. Гэсэн хэдий ч тэдний хүчин чармайлт заримдаа бодитой, ач холбогдолтой үйлдэл гэхээс илүүтэйгээр маркетингийн кампанит ажил болж хувирдаг.
Ногоон угаалга гэдэг нь компаниуд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авч буйгаа хэрэглэгчдэд итгүүлэхийн тулд үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, тогтвортой байдлын талаар төөрөгдүүлсэн мэдэгдэл гаргахыг хэлнэ. Зарим тохиолдолд байгаль орчны асуудлыг сайн ойлгоогүйгээс санамсаргүйгээр ногоон угаалга хийдэг. Мөн ашиг олох зорилгоор байгаль орчны бодлого болгон олон нийтийн дэмжлэгийг ашиглан маркетинг, олон нийттэй харилцах арга хэмжээ болгон зориудаар ногоон угаалга хийх тохиолдол гардаг.
Ногоон угаалга нь тогтвортой хөгжилд итгэх олон нийтийн итгэлийг сулруулж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахгүй байх нөхцөлийг үүсгэдэг.
Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд нүүрстөрөгч багатай буюу хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн зөрүүг тэглэх эдийн засагт шилжихийн тулд бид эдийн засгийн тогтолцоондоо асар их өөрчлөлт хийх шаардлага гарна. Ийм шилжилтийн үед нийгмийн тэгш бус байдал, ялгаварлал гадуурхалт, иргэний зөрчил мөргөлдөөн улам хурцдаж, аж ахуйн нэгжүүд, салбар, зах зээлийн өрсөлдөх чадвар буурах эрсдэл үүсч болзошгүй байдаг.
Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгодоо хүрэхийн төлөө хүчин чармайлт гаргахдаа нийгмийг бүхэлд нь ялангуяа орон нутгийн иргэд, ажилчид, нийгмийн бүлгүүдийн оролцоог ханган тэднийг хийж буй бүтцийн өөрчлөлтийн салшгүй нэг хэсэг болгох нь чухал.
Эрх тэгш, хүртээмжтэй шилжилтийг баталгаажуулна гэдэг нь улс орнууд ногоон эдийн засагт хүрэхийн тулд эрх тэгш, хүртээмжтэй байдлыг бэхжүүлэх шилжилтийн арга замыг сонгоно гэсэн үг юм. Энэ нь эдийн засгийн шилжилтээс улбаалж ажилчид болоод нийгмийн бүлгүүдэд учрах нөлөөллийг судалж, хэнийг ч орхигдуулалгүйгээр зохистой хөдөлмөр эрхлэлтэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсролыг эзэмших, дахин мэргэших тэгш боломж нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн үг юм.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Суурь Конвенци (НҮБ УАӨСК) нь уур амьсгалын тогтолцоонд учруулах хүний аюултай үйл ажиллагааг таслан зогсоох зорилгоор 1992 онд батлагдсан байгаль орчны асуудлаарх олон улсын гэрээ юм. Тус конвенцид дэлхийн 199 улс орон нэгдэж гарын үсэг зурсан буюу бараг бүх нийтийн гишүүнчлэлтэй болсон бөгөөд 1994 оноос хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Суурь Конвенци (UNFCCC) нь Парисын хэлэлцээр болон Киотогийн протоколын Эх гэрээ юм.
НҮБУАӨСК-ийн Нарийн бичгийн дарга нарын газар нь уур амьсгалын өөрчлөлтийн аюулын эсрэг дэлхий нийтийн хариу арга хэмжээг дэмжих үүрэг бүхий НҮБ-ын байгууллага юм. Нарийн бичгийн дарга нарын газар нь жил бүр 2-4 удаагийн хэлэлцээрийг зохион байгуулах замаар уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх засгийн газар хоорондын хэлэлцээрийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлдэг бөгөөд эдгээрийн хамгийн том бөгөөд шийдвэрлэх ач холбогдолтой нь Талуудын Бага Хурал (COP-ТБХ) юм. Түүнчлэн НҮБУАӨСК-ийн Нарийн бичгийн дарга нарын газар нь уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдээлэлд дүн шинжилгээ хийх, хянахад мэргэжлийн туслалцаа үзүүлж, улс орнуудын Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн (ҮТХН)-ийн тайлан мэдээллийн бүртгэлийн системийг хариуцан ажилладаг.
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх “Талуудын Бага Хурал” буюу “ТБХ/COP”-ыг 1995 оноос хойш НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн хүрээнд жил бүр зохион байгуулж байна. 2015 онд зохион байгуулсан 21 дэх удаагийн ТБХ/COP-аар талууд Парисын Хэлэлцээрийг баталж гарын үсэг зурсан.
Талуудын Бага Хурлаар Парисын Хэлэлцээрт оролцогч нийт улс орнууд хамтран уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дараа дараагийн алхмуудаа нарийвчлан хэлэлцэж, цаашид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааг дэмжих хууль эрх зүйн хувьд заавал дагаж мөрдөх гэрээ хэлэлцээрүүдийг байгуулахаар ажиллаж байна. Талуудын дараагийн бага хурал болох ТБХ28/COP28 нь 2023 оны 12-р сард Арабын Нэгдсэн Эмират Улсад зохион байгуулагдана.
Парисын хэлэлцээр нь дэлхийн дулаарлын дундаж температурыг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад Цельсийн 2 хэмээс хэтрүүлэхгүй байх, улмаар Цельсийн 1.5 хэмд хүргэлгүй тогтоон барих зорилго дэвшүүлсэн олон улсын албан ёсны хүчин төгөлдөр гэрээ юм. Үүнийг 2015 онд Парис хотноо зохион байгуулсан 21 дэх ТБХ/COP-аар 196 улс орон хамтран баталж 2016 оноос хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлсэн.
Парисын хэлэлцээр нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, улмаар түүний нөлөөлөлд дасан зохицох хүчин чармайлтаа эрчимжүүлэхийг бүх талууд заавал биелүүлэхээр хүлээн зөвшөөрсөн гэрээ болсон учир уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын хамтын ажиллагааны түүхэн амжилт болсон. Түүнчлэн хөгжиж буй орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, дасан зохицох хүчин чармайлтад нь хөгжингүй орнуудын зүгээс туслах арга хэрэгслийг тодорхойлж, үр дүнгийн гүйцэтгэлд нь ил тод хяналт тавих, тайлагнах тогтолцоог бий болгож өгсөн.
Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт (ҮТХН) нь дэлхийн дулаарлыг Цельсийн 1.5 хэмээс доош хязгаарлах Парисын хэлэлцээрийн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд улс орон бүр боловсруулах ёстой уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх амлалт, үйл ажиллагааны төлөвлөгөө юм. ҮТХН нь улс орон бүр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилтоо таван жил тутамд шинэчлэн ахиулан тодорхойлж байх богино болоод дунд хугацааны төлөвлөгөө юм.
ҮТХН нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицох чадварыг бий болгохын тулд улс орнуудын баримтлах тэргүүлэх чиглэлүүд, санхүүжилтийн стратеги, хяналт-шинжилгээ, баталгаажуулалтын арга хэрэгсэлийг тодорхойлно. 2023 онд анх удаа улс орон бүрийн “оруулж буй хувь нэмрийг” нэгтгэн тооцох замаар улс орнуудын ҮТХН-ийн зорилтууд болоод Парисын хэлэлцээрийн зорилтуудын хэрэгжилтэд үнэлгээ өгөх болно.
Парисын хэлэлцээрийн дагуу улс орнууд Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилтын гүйцэтгэлийг тогтмол тайлагнаж байх үүрэг хүлээдэг. Олон улсын хамтын нийгэмлэгт хамтын ахиц дэвшлийг үнэн зөв үнэлж дүгнэх, хүн бүр өөрсдийн үүргээ гүйцэтгэж байгаад итгэх итгэлийг бий болгоход энэхүү тайлан ил тод байх нь нэн чухал юм.
Ил тод тайлагнал нь улс орнууд болоод олон улсын байгууллагуудад үнэн бодит мэдээлэл олж авах, нотолгоонд суурилсан шийдвэр гаргах боломжийг олгодог. Мөн уур амьсгалын өөрчлөлт болоод түүний нөлөөллийг сааруулах, улмаар дасан зохицоход шаардагдах арга хэмжээ, бодлогын талаарх бидний шинжлэх ухааны ойлголтыг сайжруулна. Түүнчлэн ил тод тайлагнал нь итгэлцэл, хамтын ажиллагаа, мэдлэг мэдээлэл солилцох, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилтыг улам ахиулан тодорхойлохыг хөхиүлэн дэмжих зэрэг Парисын хэлэлцээр хэрэгжих бүх чадавх боломжийг нээх гол түлхүүр юм.
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөө (УАӨДЗТ/NAP) нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртөмтгий байдлыг бууруулах, дасан зохицох чадавхи, даван туулах чадварыг бэхжүүлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхэд улс орнуудад тусалдаг. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөө (УАӨДЗТ/NAP) нь Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН), үндэсний болон салбарын бусад бодлого, хөтөлбөрүүдтэй нягт уялдаатай байна.
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөө (УАӨДЗТ/NAP) нь оролцоонд түшиглэсэн, хүртээмжтэй, жендэрийн мэдрэмжтэй, ил тод байх аваас амжилттай хэрэгжинэ. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөө (УАӨДЗТ/NAP)-г боловсруулах эхний шатнаас эхлээд улс орны хүн амын бүлгүүдийн онцлог хэрэгцээ, эмзэг байдлыг үнэлж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд хамгийн өртөмтгий хэсэг бүлэгт онцгой анхаарал хандуулж, стратеги, хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх явцад тэднийг татан оролцуулах нь нэн чухал.
Парисын хэлэлцээрийн дагуу ойрын хэдэн арван жилийн хугацаанд буюу 2050 он гэхэд нийгмийг бүхэлд нь өөрчлөхөд хүргэж буй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах урт хугацааны стратеги (УХС/LTS)-ийн баримт бичгийг боловсруулж танилцуулахыг улс орнуудад зөвлөмж болгосон. Эдгээр урт хугацааны стратегийн баримт бичиг нь 2050 он гэхэд дэлхийн дулаарлын өсөлтийг сааруулах, улмаар хүлэмжийн хийн ялгаруулалт, шингээлтийн зөрүүг тэглэх зорилттой уялдсан байх ёстой.
Урт хугацааны стратеги нь ҮТХН зэрэг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх богино хугацааны үндэсний зорилтуудтай уялдаатай байх төдийгүй хэрэгжилтийг нь дэмжих алсын хараатай зорилтуудыг тодорхойлсон байна. Эдгээр стратеги нь улс орнууд нүүрстөрөгч бага ялгаруулах хөгжлийг замнах, малтмал түлш ихээр шаардах хөрөнгө оруулалтаас зайлсхийх зэрэгт чиглүүлж, ногоон шилжилтийн нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг тодорхойлсон байна. Эдгээр стратеги нь инновацыг эрчимжүүлж, нүүрстөрөгч багатай шийдэл, тогтвортой дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийхэд тусална. Ийм стратеги нь хамгийн ихээр хохирол амсч буй хэсэг бүлгүүдэд шилжилтийн үр нөлөө шударга, эрх тэгш тусах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх шийдлүүд нь алагчлалгүй бөгөөд хүртээмжтэй байхад туслахуйц байхаар тодорхойлогдсон байна.
Улс орнууд Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах урт хугацааны хөгжлийн стратеги (LT-LEDS) буюу урт хугацааны стратегийн баримт бичгээ боловсруулан баталж НҮБ-ын УАӨСК-ийн байгууллагад албан ёсоор хүргүүлсэн байх үүрэг хүлээсэн. Ийнхүү ирүүлсэн бүх материалтай НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Суурь Конвенцийн цахим хуудаснаас танилцах боломжтой.
Уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн ноцтой үр дагавраас урьдчилан сэргийлэхэд шаардагдах хэмжээний хүлэмжийн хийн ялгарлын бууралтын дөрөвний нэгээс илүү хувийг ойг хамгаалж, нөхөн сэргээснээр бүрдүүлэх боломжтой. Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нэмэлт үйл ажиллагаа (REDD+) нь хөгжиж буй орнуудын ойн хомсдол, доройтлыг бууруулах, ойг зохистой удирдах, хамгаалах замаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгоор олон улсын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх хэлэлцээрт оролцогч улс орнуудын тохиролцсон хамтын ажиллагааны хүрээ юм.
REDD гэдэг нь “Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах” гэсэн утгатай. Харин “+” тэмдэг нь ойг хамгаалах, зохистойгоор удирдах, ойн нүүрстөрөгчийн нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх үүрэг хүлээж байгааг илэрхийлнэ.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтний зөвлөл (УАӨАЗГХМЗ/IPCC) нь Дэлхийн цаг уурын байгууллага болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан бие даасан байгууллага юм.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтний зөвлөл нь уур амьсгалын өөрчлөлтийн талаарх эрдэм шинжилгээний бүтээл, дүгнэлтүүдэд үнэлгээ хийж, эрдэм шинжилгээний дүгнэлт мэдээлэл, нотолгоонд суурилсан зөвлөмжийг бодлого боловсруулагчид болон олон нийтэд хүргэх үндсэн үүрэгтэй. Тус зөвлөл нь уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөөлөл, тэдгээрт дасан зохицох, даван туулах хувилбаруудын талаарх шинжлэх ухааны үндэслэлтэй цогц дүн шинжилгээ, нотолгоо, мэдээллийн хамгийн найдвартай эх сурвалж юм.