Монгол Улс
Удирдлага
Матилда Димовска
Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч
Хатагтай Матилда Димовска нь 2023 оны 9-р сарын 4-нөөс Монгол дахь НҮБХХ-ийн Суурин төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн.
Хатагтай Димовска нь НҮБХХ-ийн Захирагчийн нэрийн өмнөөс Монгол Улсад ажилладаг бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь үйл ажиллагааг ерөнхийлөн хариуцдаг төлөөлөгчийн газрын тэргүүн юм.
Монгол Улсад томилогдон ирэхээсээ өмнө тэрээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Бүгд Найрамдах Узбекистан улс дахь Суурин төлөөлөгчөөр 2019-2023 онд ажиллаж байсан.
Мөн тэрээр 2016-2019 онд НҮБХХ-ийн Европ дахь Суурин төлөөлөгчийн газруудад дэмжлэг үзүүлэх Истанбул дахь бүсийн төвийн багийг удирдан 2016-2019 онд тус бүс нутаг дахь Суурин төлөөлөгчийн болон төслийн удирдлагын газруудад дэмжлэг үзүүлж ажилласан. Мөн НҮБХХ-ийн Турк дахь Орлогч суурин төлөөлөгчөөр (2012-2016) , НҮБХХ-ийн Молдав дахь Орлогч суурин төлөөлөгчөөр (2008-2012), болон НҮБХХ-ийн Гүрж дэх Шадар суурин төлөөлөгчөөр (2006-2008) тус ажиллаж байсан.
Тэрээр Бүгд Найрамдах Умард Македон (БНУМ) улсын иргэн бөгөөд өмнө нь АНУ-ын Нью-Йорк хот болон БНУМ дахь НҮБХХ-үүдэд мөн ажилласан туршлагатай. НҮБХХ-д ажиллаж эхлэхээсээ өмнө тэрээр Вена дахь ЮНИДО-гийн Хөрөнгө оруулалтыг дэмжих албаны төлөөлөгчөөр, Македонийн Өмч хувьчлалын агентлаг болон Скопье хотод хувийн хэвшилд ажиллаж байсан туршлагатай. Хатагтай Димовска нь Скопье хот дахь “Гэгээн Сирил ба Мефодиус” их сургуулийн Эдийн засгийн бодлого, хөгжлийн чиглэлийн Магистрын зэрэгтэй.
Лин Цао
Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Орлогч суурин төлөөлөгч
Хатагтай Лин Цао нь 2023 оны 1 сарын 23-наас Монгол дахь НҮБХХ-ийн Орлогч Суурин Төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн юм.
Хатагтай Лин Цао нь олон улсын хөгжлийн салбарт 25 жилийн ажилласан туршлагатай. Тэрээр өмнө нь Нью Йорк дахь Ази, Номхон Далайн Бүсийн Товчооны Зохицуулах зөвлөхөөр ажиллаж байсан. Мөн Бангкок дахь Бүсийн Төвийн дэргэдэх Өмнөд болон Баруун Азийн бүсийн тэргүүн, Туркменистан дахь НҮБХХ-ийн Орлогч Суурин Төлөөлөгч, Камбож дахь НҮБХХ-ийн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч, Зүүн Тимор дахь НҮБХХ-ийн хөтөлбөр болон үнэлгээ хариуцсан туслах захиралаар тус тус ажиллаж байжээ.
Хатагтай Лин Цао нь НҮБХХ-д ажиллахаасаа өмнө БНХАУ-ын Худалдааны яаманд НҮБХХ болон НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын Хятад дахь тусламжийн зохицуулалтыг хариуцан ажиллаж байжээ.
Хатагтай Цао нь БНХАУ-ын Бээжингийн их сургуульд Хөгжлийн эдийн засгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Тэр нэг хүүтэй.
Түүний твиттер хаягийг дагаарай: @LinCaoUNDP