Европын Холбоо болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монгол Улсад агаарын бохирдлыг бууруулахад дэмжлэг үзүүлж байна

September 19, 2024
a group of people standing in a room
НҮБХХ

Улаанбаатар, 2024 оны 9 дүгээр сарын 19 – Агаарын бохирдлоос үүдэлтэй дарамт, сорилт бэрхшээл болон тэдгээрийг шийдвэрлэх боломжит арга замуудыг тодорхойлсон   “Агаарын бохирдлын хөрөнгө оруулалтын жишиг судалгаа”-ны үр дүнг танилцуулах арга хэмжээ болж өнгөрлөө. Засгийн газрын холбогдох удирдах албан тушаалтан, салбарын эксперт, судлаач, сургалт судалгааны байгууллага болон ТББ-ын төлөөллийг хамруулсан энэхүү арга хэмжээний үеэр гадаад болон дотоод орчны агаарын бохирдлын улмаас иргэдэд учирч буй эрүүл мэнд, нийгмийн дарамт, мөн эдийн засгийн алдагдлыг тооцсон тоон шинжилгээний дүнг танилцуулж, хууль эрх зүйн орчны үнэлгээ болон тус судалгааны дүгнэлт дээр үндэслэн боловсруулсан агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн олон талт хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ.  

Тус арга хэмжээг Европын Холбооны санхүүжилттэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Бохирдлыг бууруулах замаар эрүүл мэнд, хүлээрэн буй орчны тогтвортой байдлыг сайжруулах нь” төсөл, Эдийн засаг, хөгжлийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран зохион байгууллаа.

Агаарын бохирдол нь уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлдөг гол хүчин зүйл бөгөөд хүнсний систем, хүний ​​эрүүл мэнд, цаашлаад дэлхий ертөнцийн сайн сайхан байдалд ноцтой эрсдэл учруулах аюултай. Монгол Улсын хувьд агаарын бохирдол нь цус харвалт, зүрх судасны өвчин, амьсгалын замын өвчин, уушгины хорт хавдар, жирэмсний хүндрэл үүсгэх, сэтгэхүйн хөгжилд саад учруулах зэрэг хор уршигтай. Түүнчлэн агаарын бохирдол нь нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн нас баралтад нөлөөлөх үндсэн шалтгааны нэг болдог байна.

a man standing in front of a flat screen monitor
НҮБХХ

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү арга хэмжээг нээж үг хэлэхдээ Агаарын бохирдлыг бууруулах судалгаанд үндэслэн цаашид үр дүнтэй арга хэмжээ авах шаардлагатай байна. Ингэхдээ техник, технологийн дэвшил ашиглах, мөн эдийн засгийн үр нөлөөг бодитой үнэлэх нь чухал юм” хэмээн онцолж, “Агаарын бохирдлын хөрөнгө оруулалтын жишиг судалгаа нь Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг Урт, дунд, богино хугацааны стратеги, бодлоготой үр дүнтэй уялдуулахад томоохон хувь нэмэр оруулна гэдгийг цохон тэмдэглэв.

Монгол Улсын агаарын бохирдлын үндсэн хоёр эх үүсвэр нь гадаад болон дотоод орчны агаарын бохирдол юм. Агаарын бохирдлын хөрөнгө оруулалтын жишиг судалгаагаар Монгол Улсад 2,839 хүн жил бүр гадаад орчны агаарын бохирдлын нөлөөгөөр нас барж байгаа бөгөөд энэ нь 905 тэрбум төгрөг буюу Монгол Улсын ДНБ-ний 2.4 хувьтай тэнцэх хэмжээний эдийн засгийн хохирол учруулж байна. Харин дотоод орчны агаарын бохирдол, тэр дундаа зуухны хэрэглээнээс үүдэн жил бүр 4,300 гаруй хүн нас барж, ДНБ-ий 7.6 хувийг эзэлж буй 3.9 их наяд төгрөгийн эдийн засгийн хохирол учирдаг.

a person sitting on a table
НҮБХХ

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните “Энэхүү төсөл нь Тогтвортой хөгжил – 2030 хөтөлбөр болон Европын ногоон хэлцлийн хүрээнд тусгасан Европын Холбооноос баримталж буй бодлогын тэргүүлэх зорилтын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж байна. Агаарын бохирдлын хөрөнгө оруулалтын жишиг судалгаанд тусгасан санал зөвлөмж нь агаарын бохирдлыг бууруулах замаар иргэдийн эрүүл мэнд, байгаль орчинд учруулах хор нөлөөг бууруулахад Засгийн газар, үндэсний түвшний оролцогч талууд болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулахад чиглэж байна” хэмээн онцоллоо.

Агаарын бохирдлын хөрөнгө оруулалтын жишиг судалгааг дагалдаж хууль эрх зүйн орчны үнэлгээ болон институци ба нөхцөл байдлын дүн шинжилгээ хийгдэж, энэ хүрээнд олон улсын болон дотоодын 40 гаруй хууль эрх зүйн баримт бичгийг судалж, гол оролцогч талуудтай зөвлөлдөх уулзалтууд хийсэн байна. Улмаар Агаарын бохирдол, эрүүл мэндийн олон талт хамтын ажиллагааны төлөвлөгөөг Эдийн засаг, хөгжлийн яам манлайлан боловсруулжээ.    

a person posing for the camera
НҮБХХ

Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска тус судалгааны ач холбогдлыг онцолж Агаарын бохирдолтой тэмцэхэд оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ингэхдээ айл өрхүүдийг эрчим хүчний өөр эх үүсвэр ашиглахыг дэмжсэн арга механизмыг нэвтрүүлэх, ялангуяа нүүрс ашигладаг уламжлалт зуухыг цахилгаан, хийн зуухаар ​​солиход хөрөнгө оруулах нь нэн чухал юм хэмээн тэмдэглэв. 

Судалгааны хураангуй танилцуулга татаж авах: Англи, Монгол

***

Европын Холбооны тухай 

Европын Холбоо бол Европ тивийн 27 тусгаар улсын эдийн засаг, улс төрийн нэгдэл юм. Тус Холбоо нь хүний эрхэм чанар, эрх чөлөө, ардчилал, эрх тэгш байдал, хууль дээдлэх ёс, хүний эрхийг түүний дотор цөөнхийн эрхийг дээдлэх үндсэн үнэт зүйлс дээр тулгуурлан байгуулагджээ. Өнөө цагт Европын Холбоо нь даян дэлхийн хүн бүрд хүртээмжтэй, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа явуулж байна.

НҮБХХ-ийн тухай

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.

Нэмэлт мэдээллийг: 

Х.Отгонгэрэл, НҮБХХ-ийн Төслийн мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн (otgongerel.khalzanbanid@undp.org)

graphical user interface, website
НҮБХХ