Уур амьсгалын өөрчлөлтийн малчдын амьдралд үзүүлж буй нөлөөлөл
May 17, 2023
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Монгол Улсад сүүлийн 70 жилийн хугацаанд агаарын дундаж температур цельсийн 2.1 градусаар нэмэгдсэн төдийгүй газар нутгийн 80 орчим хувьд доройтол үүсээд байна.
Мөн зуд, ган, цасан болон шороон шуурга зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн давтамж хурдтайгаар нэмэгдэж байгаа нь хүн амын 30 шахам хувийг эзэлдэг Монгол орны малчдын уламжлалт амь амьжиргаанд хүндээр тусч байна.
Тиймээс уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох тэдний эрсдэлийн менежментийн чадавхад дэмжлэг үзүүлэх нь Монгол Улсын хувьд онц ач холбогдолтой болоод байгаа билээ.
Тэгвэл Монгол Улсын 300 гаруй мянган малчин өрхийн нэг болох Нарангэрэл, Ариунтуяа нарын гэр бүлээс малчдад уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж байгаа болон тэд энэхүү өөрчлөлтөд хэрхэн дасан зохицож байгаатай товч танилцъя.
Нарангэрэл, Ариунтуяа нар нь Архангай аймгийн аварга малчид ба Нарангэрэл Сумын алдарт уяач төдийгүй Сумын заан аж.
Тэд ам бүл зургуулаа бөгөөд хонь, ямаа, үхэр, адуунаас бүрдсэн хүний, өөрийн нийлсэн нийт 1000 гаруй малтай.
Мал төллөх цагтай давхцан өвөлдөө өвс тэжээлийн дутагдалд орсон туранхай, тамир тэнхээгүй малаа арчлах шаардлагатай тул энэ хавар тэдний гэр бүл өглөөний нарнаас үдшийн бүрэнхий хүртэл өдөр бүр завгүй ажиллаж байна.
“Энэ их завгүй үеэр хүүхдүүд амралтын өдрөөр гэртээ ирж нөхөр бид хоёрт их тус болдог ч хичээлдээ явсан үед нь бид хоёр арай л гэж ажлаа барж байна” хэмээн эхнэр Ариунтуяа ярьж байлаа.
30 гаруй жилийн турш мал маллаж буй Нарангэрэлийн хувьд сүүлийн жилүүдэд анзаарсан томоохон өөрчлөлт бас тулгамдсан асуудлуудын нэг бол яах аргагүй уур амьсгалын хурдацтай өөрчлөлт юм. Тэрээр “Тэнгэр, хангайн байдлыг урьдчилан таамаглахад улам хэцүү болж байна. Уул нь таван сар гэхэд шинэ өвс, ногоо цухуйж өвөл тарга тэвээргээ алдсан малын аминд орж байх учиртай ч энэ жил шинэ ногоо одоог хүртэл цухуйгаагүй байгаа нь хэцүү байна” хэмээн хэлж байсан юм.
Түүний хэлснийг батлах гэсэн шиг тал дүүрэн тарга тэвээрэг муу мал бэлчих ба бэлчээр нилдээ шаргал өнгөтэй идээшлэх өвс хомс байлаа. Нарангэрэл өглөөд бэлчээрт гарч чадахгүй өеөдсөн болон тэнхэл муутай малаа өргөж босгодог бол Ариунтуяа охин, хүү хоёрын хамтаар тэдэнд тэжээл зууран өгөх аж.
“Урд жилүүдтэй харьцуулахад 12-р болон 1-р саруудад дулаахан хэрнээ 3-р ба 4-р саруудад гэнэт хүйтэрч байгаа нь бидэнд хэцүү л болоод байна” хэмээн Нарангэрэл хүүрнэв. Харамсалтай нь энэ мэт өөрчлөлтүүд сүүлийн жилүүдэд улам бүр түгээмэл болсон нь малчдад томоохон сорилт болж байна. Энэ онд гэхэд л зарим аймагт 1-р сард өдөртөө +5.5 хэм хүртэл болж дулаарсан юм.
Сүүлийн жилүүдэд малчдад тулгараад байгаа бас нэгэн томоохон бэрхшээлүүдийн нэг бол ойр орчмын гол горхи, булаг шанд ширгэж байгаа явдал юм. Ингэснээр тэд ойр орчмын 10-15 айл болон 4000-5000 малын усны хэрэгцээг хангаж буй ганц худагт найдахаас өөр аргагүй байдалд хүрээд байгаа юм.
Хэрэв худаг нь усгүй болсон тохиолдолд эсвэл ямарваа нэгэн ашиглалтын доголдол үүссэн үед малаа услах хамгийн ойрын гол нь 10-аад километрийн цаана буюу ирж, очиход бүтэн нэг өдрийг зарцуулах шаардлага гарах тухай Нарангэрэл мөн ярьж байлаа.
Энэхүү сорилтыг шийдвэрлэх үр дүнтэй шийдлүүдийн нэг бол Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилттэй НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн булаг шандуудын эхийг хамгаалах, хаших арга хэмжээ юм. Нутгийн иргэдийн хэлснээр хоёр жилийн өмнө малын хөлд талхлагдан, хэдхэн арван метрийн зайд урсаж, ширгэх шахсан булаг төслийн дэмжлэгтэйгээр хашаалагдаж хамгаалагдсаны үр дүнд бүрэн сэргэж хэдэн зуун метрийн зайд урсах замдаа мөн хоёр жижиг нуур үүсгэн тухайн нутгийн хүн, амьтдын усны хэрэгцээнд томоохон дэмжлэг болж байна.
Өвөлдөө зуд болж, хавар өвс ногоо оройтох нь малчдын амь амжиргаанд маш том хохиролтой. Зөвхөн энэ жил гэхэд л нийт малынхаа 60-70 хувийг алдсан малчид ч байна хэмээн нутгийн иргэд ярьж байлаа. Үнэхээр л үхсэн малын сэг зэм хаа сайгүй харагдаж байлаа. Энэ оны 3-р сарын байдлаар улсын хэмжээнд 500 орчим мянган мал хорогдсон байгаа нь олон малчдын амьжиргаанд хурцаар тусч байна.
Ноос ноолуур, арьс шир болон махаа борлуулсан орлогоороо амьдардаг малчид уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн бий болж буй байгалийн гамшигт үзэгдлүүдэд мал сүргээ их хэмжээгээр алдаж байна.
Тиймдээ ч тэд малынхаа тоонд бус чанарт анхаарах хэрэгтэйг ойлгон, хүлээн зөвшөөрч байгаа төдийгүй орлогын эх үүсвэрээ илүү төрөлжүүлэхийг эрэлхийлж эхлээд байна. Энэ чиглэлд хөгжүүлж болох хамгийн боломжит нэгэн хувилбар бол аялал жуулчлал юм. Монголын нүүдэлчин соёл нь гадаадын жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг тул малчдад аялал жуулчлалаар орлого олох томоохон боломж бий.
Нарангэрэл, Ариунтуяа нарын хувьд Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл хөтөлбөрийн санхүүжилттэй НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй “Гэр ба Байгаль” эко аялал жуулчлалын санаачилгын үр шимийг хүртэж байна. Энэхүү санаачлага нь нүүдэлчин соёл, уламжлалын гол төлөөлөл болох малчдыг орон нутагтаа энэ чиглэлийн дагуу бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэх гол зорилготой юм.
Малчид хоол хүнс, усаа хадгалах зориулалтаар хуванцар савыг их хэмжээгээр хэрэглэж байгаа нь тэдний эрүүл мэнд болон хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй асуудал юм. Мөн өөр нэгэн асуудал бол нүүдэлчдийн амьдралын хэв маяг болон жуулчдын хэрэгцээнд нийцсэн байгальд ээлтэй, зөөврийн жорлонгийн асуудал юм.
Энэхүү санаачлагын хүрээнд малчид жуулчдыг хүлээж авах талаар мэргэжлийн заавар, зөвлөгөө аваад зогсохгүй, дээр дурдсан тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг авч байна. Ирээдүйд орлогын эх үүсвэрээ энэ мэтчилэн төрөлжүүлэх нь тэдний хувьд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход мөн уламжлалт өв соёлоо хадгалан хамгаалахад чухал ач холбогдолтой.
“Том болоод ямар хүн болох вэ” хэмээн асуухад, тэдний гуравдугаар ангийн бага хүү “Би том болоод аав шигээ бөх, малчин болохыг хүсч байна” хэмээн хариуллаа.
Нарангэрэл хүүгийнхээ хариултыг сонсоод инээмсэглэн, “Малчин уламжлалаа үргэлжлүүлэхийг хүсч байгаад аав нь баяртай байгаа ч эхлээд хүүгээ боловсрол эзэмшүүлнэ” гэхэд Ариунтуяа ч мөн адил дэмжиж байлаа. Түүнчлэн, тэд том охин нь сургуулиа төгсөөд шүдний эмчийн мэргэжлээр сурахаар болсон талаар бахархалтайгаар ярьж байсан юм.
Тэд өнөөдөр уламжлалт ахуй, нүүдэлчин малчны соёлоо үргэлжлүүлэн хадгалан авч үлдэх итгэл найдвараар дүүрэн байгаа ч тэдний аж амьдралд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийн сорилт, аюул заналхийлэл цаашид улам ихсэх хандлагатай байна. Тиймээс НҮБХХ, түншүүд болон хөгжлийн байгууллагуудын дэмжлэг тэдэнд нэн шаардлагатай байгааг эндээс харж болохоор байгаа юм.