Европын Холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монгол залуучуудын ур чадварыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллаж байна

May 7, 2024

Хамтарсан нийтлэл 

НҮБХХ

Монгол Улсын нийт хүн амын гуравны нэг нь 35-аас доош насны залуучууд байдаг. Эдгээр залуучуудын ихэнх нь өнөөгийн амьдралдаа сэтгэл дундуур, бухимдалтай байдаг гэсэн мэдээлэл бий. Энэ бол Монголд залуу хүн амьдрахад тийм ч амаргүй байгааг илтгэж байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн 2023/24 оны Хүний хөгжлийн илтгэлд дурдсанаар, залуучууд уур амьсгалын өөрчлөлт, тэмцэл сөргөлдөөн, тэгш бус байдал зэрэг дэлхий дахинд тулгамдаад буй олон хурцадмал асуудалд нөлөөлж, нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй байгаадаа сэтгэл дундуур байдаг ажээ. Түүнчлэн, ажлын байрны хомсдол нь залуучуудад тулгарч байгаа томоохон бэрхшээл төдийгүй, чадварлаг боловсон хүчний дутагдалтай байдал нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хүндхэн сорилт болжээ. 

Эдгээр сорилтыг шийдвэрлэхэд боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн тэгш байдал, бүх нийтийн оролцоог хангасан цогц, хүртээмжтэй бодлого, төлөвлөлт шаардлагатай. Монгол Улсын хувьд залуучуудаа чадавхжуулан, тэднийг татан оролцуулж, идэвхийг нь нэмэгдүүлснээр тогтвортой хөгжих боломж нээгдэх юм.

Залуучууд бол хөгжил дэвшлийн зөвхөн үр шимийг хүртэгч нь байгаад зогсохгүй улс орныхоо ирээдүйн бүтээн байгуулалтад манлайлагч нь байх бүрэн боломжтой хэмээн Европын Холбоо болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр үзэж байна. Ингэхийн тулд залуучуудын мэдлэг боловсрол, ур чадварыг нэмэгдүүлэх байдлаар тэдэнд нийгэм эдийн засгийн хөгжилд идэвхтэй хувь нэмэр оруулж, шинэчлэл авчрах боломж олгох шаардлагатай. Залуучууд өөрсдийн амьдралд шууд нөлөө үзүүлэх аливаа бодлого, шийдвэр гаргах, төлөвлөн хэрэгжүүлэх бүхий л үе шатуудад оролцох нь нэн чухал билээ.

НҮБХХ

Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхийн тулд ажил хайгчдын ур чадварыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэх шаардлагатай. Энэ хүрээнд Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хөдөлмөр эрхлэлтийн ур чадварын үнэлгээ буюу “Профайлинг” үйлчилгээг нэвтрүүлэн хэрэгжүүлж байна. Залуучуудын хэрэгцээ шаардлагад түлхүү нийцсэн энэхүү иргэн төвтэй үйлчилгээг одоогоор 20 мянга гаруй ажил хайгчид үзүүлж, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ур чадвар олгох сургалтад хамруулах, хувийн хөдөлмөр эрхлэлтийн төлөвлөгөөг нь хамтран боловсруулах замаар ажилд зуучилж, улмаар хөдөлмөрийн зах зээлд хөлөө олоход нь дэмжлэг үзүүлсээр байна. Энэхүү санаачилгын үр дүнд ажилтай болж буй залуучууд бидний бахархал, бас амжилт юм.  

Үүний зэрэгцээ бид хүртээмжтэй боловсролыг дэмжиж, эрэлттэй ур чадваруудыг хөгжүүлэхэд анхааран ажиллаж байна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад зориулсан хоёр жилийн сургалтын жишиг хөтөлбөрүүдийг Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвтэй хамтран боловсруулж, туршин хэрэгжүүлэв. Төгсөгчдийн дийлэнх нь ажилтай болж, улмаар сургалтын хөтөлбөрийг бусад сургуулиуд амжилттай түгээн дэлгэрүүлж байгаа нь боловсролын хөтөлбөрүүд хэрэгцээнд суурилахын ач холбогдол, үр дүнг тод томруунаар харуулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй залуучууд, тэр дундаа оюуны бэрхшээлтэй залуучуудын оролцоог илүү сайн хангаж, тэднийг эдийн засгийн харилцаанд бодит хувь нэмэрээ оруулж, нийгэмд зохих байр суурь эзлэх боломжоор хангах нь нэн чухал байна. 

НҮБХХ

Бидний хамтын ажиллагааны гурав дах үндсэн чиглэл бол залуучуудын энтрепренершип ур чадварыг хөгжүүлэх юм. Залуучуудыг бизнес эрхлэх боломж бололцоогоор хангах нь тэдний хүсэл сонирхол, мөрөөдөлд оруулж буй хөрөнгө оруулалт төдийгүй Монгол Улсад инновацыг дэмжих, эдийн засгийн өсөлтийг хурдасгах, хүн бүрд тогтвортой, өөрчлөлтөд тэсвэртэй ирээдүйг бий болгоход шаардлагатай чухал стратеги юм. Энэ хүрээнд бид Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудтай хамтран ажиллаж, ирээдүйн бизнес эрхлэгчдийг бэлтгэх, тэдэнд харилцааны болон энтрепренершипийн ур чадвар эзэмшүүлэх сургалтууд явуулж байна. 

НҮБХХ

Бүсчилсэн хөгжлийн бодлого нь Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг бууруулахын зэрэгцээ Монгол улсын хэмжээнд бүх залуучуудад эрх, тэгш, хүртээмжтэй боломж олгоход нэн чухал. Тиймээс бид залуучуудыг чадавхжуулах ур чадварын сургалтууд болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг орон даяар нэвтрүүлэхэд анхааран ажиллаж байна. 

Бодит хөгжил дэвшил нь нийгмийн бүхий л давхаргын иргэдэд  ижил тэгш хүрэх ёстой тул Европын Холбоо болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр үйл ажиллагааныхаа хүртээмжтэй байдлыг илүү чухалчилж үздэг. Монгол Улсад ядуурлыг бууруулах арга хэмжээ ахиц муутай, хилийн чанадад  ажиллаж амьдрах хүсэлтэй залуу боловсон хүчин олон байгаа нь харамсалтай. Бид энэхүү сэтгэл зовоосон байдлыг өөрчлөхийн тулд “Хүртээмжтэй хөдөлмөрийн өдөрлөг” зэрэг шинэлэг арга хэмжээ, санаачилгаар дамжуулан, залуучуудын тэгш, хүртээмжтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байна. 

Дэлхий дахин урьд өмнө байгаагүй аюул занал, сорилт бэрхшээл, хурдтай өөрчлөлтүүдтэй тулгарч байгаа өнөө үед Европын Холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монгол Улсад Тогтвортой Хөгжлийн Зорилгуудыг бүрэн хэрэгжүүлэхийн тулд цаашид ч залуучуудыг дэмжин, хамтран ажиллах болно. Залуучууд ирээдүйдээ итгэлгүй, урам зориггүй байна гэдэг нь дэлхий дахины аюулгүй байдалтай холбоотой ноцтой асуудал гэдгийг бодлого боловсруулагчид болон шийдвэр гаргагчид сайтар ухамсарлах шаардлагатай байна. 

Залуучуудын ур чадвар, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхийн тулд тэдний тусгай хэрэгцээнд  суурилсан, хүртээмжтэй арга барилаар ажиллах нь илүү өгөөжтэй гэдэг нь манай хоёр байгууллагын хамтын ажиллагаа харуулж байна. Бидний хэрэгжүүлж буй эдгээр хүчин чармайлтын үр нөлөөг орон даяар түгээн дэлгэрүүлж, тогтвортой байдлыг хангах нь нэн чухал байна. Тиймээс эдгээр арга барил, санаачилгуудыг үндэсний бодлого, хөтөлбөрүүдэд тусгахад Монгол Улсын Засгийн газар болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудыг манлайлан ажиллахыг уриалж байна. 

Европын Холбоо болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монголын залуучуудыг тууштай дэмжиж, Монгол улсын иргэн бүрд хүртээмжтэй, өөрчлөлтөд тэсвэртэй, эрх, тэгш, шударга ирээдүйг бүтээхэд идэвх зүтгэл гарган ажиллах болно. Уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн тэгш бус байдлаас гарах шийдэл олох гол хүмүүс нь залуучууд юм. Тиймээс бид залуучуудын ур чадвар, мэдлэг боловсрол, боломжийг нэмэгдүүлэх чиглэлд анхааран ажиллаж, тэднийг бүхий л түвшинд дэмжих болно. 

НҮБХХ