Амьдралаа өөрчилж чадсан Дэлгэрмаагийн хүртээмжтэй хөдөлмөр эрхлэлтийн түүх

July 15, 2024

Хөгжлөөс бид хэнийг ч үлдээхгүй, хэнийг ч орхихгүй. 

Энэ бол “Тогтвортой хөгжил 2030” хөтөлбөрийн амлалт. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд (ХБИ)-ийн өдөр тутмын амьдралд асар олон сорилт нүүрлэсэн хэвээр байна. Тэд ихэвчлэн хүртээмжтэй боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэх, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх зэрэг саад бэрхшээлүүдтэй тулгардаг бөгөөд энэ нь тэднийг нийгмээс тусгаарлах, цаашлаад ядууралд хүргэх нь элбэг. Зөвхөн Монгол Улс гэлтгүй дэлхий даяр энэхүү тулгамдаад буй асуудлуудыг үгүй хийж, ХБИ илүү үнэ цэнэтэй, оролцоотой, утга учиртай амьдралаар амьдрах боломжийг бий болгох нь чухал юм.

Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 100,000 гаруй иргэн амьдардаг бөгөөд тэдний дийлэнх нь амьжиргааны доод түвшинд байна. 2023 оны байдлаар хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ердөө 16 хувь нь хөдөлмөр эрхэлж байгаа нь нийт хүн амын 56.7 хувийн түвшинтэй харьцуулахад туйлын зөрүүтэй харагдаж байна. 

Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр Хүртээмжтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадавхжуулах үе шаттай, цогц арга хэмжээг хэрэгжүүлж байна. Энэхүү санаачилга нь дауны хам шинжтэй 22 настай Дэлгэрмаа болон түүн шиг бусад олон иргэнд ашиг тусаа өгч байна.

НҮБХХ-ийн "Хүртээмжтэй хөдөлмөрийн өдөрлөг"-т амжилттай оролцож ажилтай болсон Дэлгэрмаа бүсгүй.

НҮБХХ

Дэлгэрмаатай танилцья

“Сайн байна уу, намайг Дэлгэрмаа гэдэг. Би GS25 сүлжээ дэлгүүрт туслахаар ажилладаг” хэмээн тэрээр нүүр дүүрэн инээмсэглэсээр өөрийгөө танилцуулсан юм.

Ажилтай болохоос өмнө Дэлгэрмаа ихэнх цагаа гэртээ ганцаараа өнгөрөөж, нийгмээс тусгаарлагдсан хэцүү үеийг давж туулсан юм. Харин өнөөдөр тэрээр нийгмийн харилцаанд орж ажилтай, зорилготой байхын сайхныг мэдэрсээр байна. 

“Ажилтай байх маш сайхан. Гэртээ ганцаараа байхдаа би их уйддаг байсан” хэмээн тэрээр сэтгэлээ нээсэн юм.

Хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ халамжлах нь маш их хайр, баяр баяслыг авчирдаг ч байнгын сэтгэлийн зовнилыг мөн дагуулж байдаг. Тиймээс ажилтай байхын үр шимийг зөвхөн Дэлгэрмаа төдийгүй түүний гэр бүлийнхэн бүгдээрээ хүртэж байна. 

Аав Мөнхжаргалын хамт гэртээ буй Дэлгэрмаа.

НҮБХХ

“Охин маань ажилд орохоос өмнө хөгжлийн бэрхшээлээсээ болоод ихэнх цагаа гэртээ ганцаараа өнгөрөөдөг байсан. Бид бүгд өөрсдийн гэсэн ажил албатай учраас охин маань 14 наснаасаа хойш саяхныг хүртэл гэртээ ганцаараа үлддэг байсан” гэж аав нь хүүрнэсэн юм. 

“Ажилтай болсноор охины маань амьдрал эрс өөрчлөгдсөн. Тэр одоо илүү нийгмийн идэвхтэй, өөдрөг сэтгэлгээтэй болсон,” хэмээн аав нь бахархалтайгаар ярьсан юм.

Хүртээмжтэй ажил зуучлал

Дэлгэрмаа GS25 сүлжээ дэлгүүрт туслах ажил хийдэг.


 

“Би бусад хүмүүсийн адил, бас хоёр эгч шигээ ажилтай болж, хамт олон, найзуудтай болохыг мөрөөддөг байсан. Мөн орлоготой болохыг хүсдэг байсан” гэж Дэлгэрмаа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр ажилд орсон туршлагаа хуваалцсан юм.

Зорилтот бүлэгт чиглэсэн, хүртээмжтэй, үе шаттай аргачлал ашиглах нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд зуучлахад нэн үр дүнтэй, учир нь ингэснээр ажил хайгчийн тусгай хэрэгцээг харгалзаж, тэдэнд тулгамддаг саад бэрхшээлийг даван туулахад чиглэсэн тусгайлсан дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ ур чадвар, өөртөө итгэх итгэлийг нь аажмаар хөгжүүлж, тогтвортой ажил, байнгын нийгмийн оролцоог хангах боломжтой.

"Хүртээмжтэй хөдөлмөрийн өдөрлөг" арга хэмжээг Европын Холбооны санхүүжилттэй НҮБХХ-ийн “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд зохион байгуулсан. 


 

Иймээс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг боломжит ажил олгогч нартай холбох, ажлын байрны мэргэшсэн коүч нарын удирдсан чадавхжуулах үйл ажиллагаанд хамрагдаж, хөдөлмөр эрхлэх ур чадвараа үнэлүүлэх замаар тохирсон ажлын байранд зуучлуулах хамтын ажиллагааны нэгэн загвар бий болгоход анхаарсан юм. 

Ажлын байран дээр сургах, зөвлөн чиглүүлэх ажлыг багтаасан энэхүү цогц үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байрандаа амжилт гаргахад тэдний тусгай хэрэгцээг харгалзсан дэмжлэг үзүүлэхийн ач холбогдлыг онцгойлон харуулж байна. 

Өөрчлөлт дагуулсан хөдөлмөр 

Дэлгэрмаа чөлөөт цагаараа зурах, будах дуртай.

НҮБХХ

Ажилтай болсон нь Дэлгэрмаад санхүүгийн бие даасан байдлыг бий болгоод зогсохгүй амьдралд нь томоохон өөрчлөлтийг авчирсан юм. "Би чихэр, будгийн хэрэгсэл худалдаж авах дуртай" гэж тэр баяртай хэлэв. Түүний аав Мөнхжаргал энэхүү өөрчлөлтийг арай өргөн хүрээнд ажиглаж дүгнэхдээ:

“Охин маань энэ ажилд орсноос хойш зан байдал нь сайжирч, хамт олон, багаар ажиллахын сайханыг мэдэрч эхэлсэн. Жижиг мэт эдгээр баяр баясал нь түүнийг илүү аз жаргалтай, өөртөө итгэлтэй болгосон. Мөн ирээдүйдээ илүү итгэлтэй болж байна. Хөдөлмөрлөх нь түүнд хариуцлагатай, сахилга баттай байхыг сургасан” хэмээн Мөнхжаргал сэтгэгдлээ хуваалцаж “охин маань өдөр бүр ажилдаа явахдаа маш их догдолдог, түүнийг урам зоригтой байгааг харах нь үнэхээр сайхан байдаг” гэсэн юм. 

Хүртээмжтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн санаачилгын үр нөлөөг Дэлгэрмаагийн түүх бодитоор харуулж байна. Энэхүү санаачилгын ачаар Дэлгэрмаа ажилтай  болж, нийгэмшиж, амьдрал нь зорилготой, утга учиртай болсон юм. Түүний түүх хөгжлийн бэрхшээлтэй олон иргэнд ажил хайх урам зориг, сэдлийг төрүүлж байна. Европын Холбооны өгөөмөр тусламж байгаагүйсэн бол энэхүү амжилт, үр дүн гарах боломжгүй байлаа.

“Монгол Улсад Төсвийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийн хүрээнд хүртээмжтэй, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн санаачилгуудыг хэрэгжүүлж байгаад бид баяртай байна. Хүртээмжтэй байдлыг хангах замаар хувь хүн болон нийгэмд эерэг нөлөө үзүүлж, ажил хайгч хөгжлийн бэрхшээлтэй залуучуудыг дэмжихийн ач холбогдлыг Дэлгэрмаагийн түүх бидэнд илтгэж байна. Энэхүү санаачилга нь хүний ​​эрх, жендэрийн тэгш байдал, ялгаатай байдал, хүртээмжтэй байдлыг үнэлж хүндэтгэдэг Европын Холбооны үзэл баримтлалтай мөн нийцэж байгаа юм” хэмээн Европын Холбооноос Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз онцлон тэмдэглэж байна. 

Хөгжлийн ялгаатай байдлаас үл хамааран хүн бүр хувь нэмрээ оруулж, хөгжих боломжтой нийгмийг бүтээхийн төлөө гар нийлэн, хамтдаа зүтгэцгээе.

Аавтайгаа хамт ажлын зүг алхаж буй Дэлгэрмаа.

НҮБХХ

Б.Золжаргал: НҮБХХ-ийн "Монгол улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь" төслийн контент хөгжүүлэлтийн мэргэжилтэн