Эгэл малчнаас дэлхийд үнэлэгдсэн ноос хяргагч

July 30, 2024
a herd of sheep standing on top of a snow covered field

2023 оны эцсээр 60 гаруй сая мал тоологдсоны бараг тал хувийг хонин сүрэг эзэлж байна. Энэ нь жилдээ 40 мянга орчим тонн ноос үйлдвэрлэх томоохон нөөц байгааг харуулж буй. Гэвч, өнөөгийн ноос бэлтгэлийн уламжлалт арга барилаас шалтгаалан энэхүү боломжийг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа юм. Түүнчлэн хонины ноос зах зээлд үнэд хүрэхгүй байгаа нь малчдын амьжиргаанд нэмэр болохгүй байсаар. 

Дээрх асуудлуудыг шийдвэрлэж, Монгол хонины үнэ цэнийг нэмэгдүүлэхэд санаачилгууд гаргаж байгаагийн нэг нь хонины ноосыг хяргаж, ангилан чанарыг сайжруулах юм. Түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг сайжруулснаар нэг хониноос авах үнэ цэнийг өсгөх, малчдын хөдөлмөр эрхлэлт, амьжиргааг дээшлүүлэхээс гадна малын тоо толгойг бууруулж, бэлчээрийн доройтлыг багасгахад хувь нэмэр оруулах ч боломжтой.

Даян дэлхийн байгаль орчны сангийн дэмжлэгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хонины ноос хяргах дэвшилтэт технологи нэвтрүүлж, Монголын анхны дэлхийн хэмжээний мэргэшсэн ноос хяргагчдыг бэлтгэх чадавхжуулах сургалтуудыг хэрэгжүүлсэн. 

2022 оны зун Шинэ Зеланд Улсын мэргэжлийн сургагч багш нар орон нутгийн малчид, хоршоодын гишүүдэд хонины ноос хяргах анхан шатны, үнэ төлбөргүй сургалтыг зохион байгуулж, шалгарсан оролцогчид олон улсад дадлагажих боломжийн эзэд болов. 
 

Энэхүү сургалтад хамрагдсан дөрвөн малчны нэг М.Энх-Амгалангийн амьдралаа өөрчлөх замнал эндээс эхэлжээ. Анхнаасаа л түүний ур чадвар, хичээл зүтгэл, манлайлал өндрөөр үнэлэгдэж Шинэ Зеландад 3 сарын хугацаатай цалинтай дадлагажих хөтөлбөрт хамрагдан өдөртөө 300 гаруй хонь хяргаж хувийн амжилтаа эрс ахиулсан аж. Өдгөө тэрээр мэргэжлийн ноос хяргагчаар мэргэшин эх орондоо буцаж ирээд хонины ноос хяргах баг бүрдүүлэн ажиллах том зорилго өвөртлөн яваа. 

Уламжлалт аргаар буюу гар хайчаар хонь хяргахад малчдын гар цэврүүтэх, ноосны гарц багасах, цаг хугацаа алдах, хүн хүч их шаардах зэрэг сул талтай. Тухайлбал, хөдөө орон нутагт хамгийн дээд талдаа нэг хүн өдөрт 30, дунджаар 10-16 орчим хонь хяргадаг.  Харин цахилгаан хяргагч машинаар өдөрт 200 гаруй хонь хяргах бүрэн боломжтой. Дэвшилтэт технологи ашигласнаар ноосны гарц ч 30 хувь илүү байдаг. Ноосыг гэмтээлгүй хяргаж, ангилж ялгаснаар үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд илүү өндөр чанартай ноос, ноосон эдлэлийг боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чухал ач холбогдолтой. 

Санаачилгын хүрээнд М.Энх-Амгалан Шинэ Зеланд улсад 3 сарын хугацаатай цалинтай дадлагажих хөтөлбөрт амжилттай хамрагдав.


 

М.Энх-Амгалан Шинэ Зеланд улсад анх очоод тэдний ур чадвар, хичээнгүй байдлыг биширч амжилтад хүрэхийн тулд улам илүү хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг ойлгосон гэдэг. 

Монголын хөдөөгийн иргэд, малчдад урт хугацааны тогтвортой ажлын байр бий болгон тэдний амьжиргааг дэмжиж байгаа нь энэхүү санаачилгын нэг чухал үр дүн юм. Мөн малчид хонины ноосыг чанар, зэрэглэлээр нь ангилан ялгаж ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний компаниудад ялгаатай үнээр борлуулах нь тэдний орлогыг нэмэгдүүлэх боломж. Цаашлаад Монголын ноосны үйлдвэрлэл болон малчдын амьжиргаанд томоохон эерэг нөлөөлөл үзүүлэх боломжтой. 

М.Энх-Амгалан олон улсын зах зээлд хэрэгцээтэй байгаа мэргэшсэн хонь хяргагчаар ажиллах Монгол малчдын багийг бүрдүүлэн,  орлого хумигдмал өвлийн улиралд тэднийг богино хугацааны ажлын байраар тогтмол хангахаар мөн төлөвлөж байгаа аж. 

Тэрээр хэлэхдээ, “Миний хамгийн том мөрөөдөл бол хонь хяргагчдын аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулж, Монгол хүний чадварыг дэлхийд таниулж сурталчлах. Үүний тулд бид илүү олуулаа болох шаардлагатай байна. Миний ойрын зорилго гэвэл нутгийнхаа 5-6 залууг сургаж, мэргэжлийн баг бүрдүүлээд сумынхаа хонь, тэмээ хяргах ажлыг эхлүүлнэ”.
a person riding a horse

Шинэ Зеланд улсад дадлага хийж байгаа Энх-Амгалан.

НҮБХХ

Мөн мэргэшсэн ноос хяргагчын жилийн орлого 80 сая төгрөгт хүрэх боломжтой тухай тэр онцолж байлаа. Түүнчлэн, олон улсад мэргэшсэн ноос хяргагч дутмаг байдаг аж. Ялангуяа, Шинэ Зеланд Улсын фермийн аж ахуй эрхлэгчид хонь хяргагчийн хомсдолтой байгаа нь энэ төрлийн ажлын үнэлгээ сүүлийн 3 жилд 20-30 хувь өсөхөд нөлөөлж жилдээ 65 мянган ам.доллар хүртэлх цалинд хүрч байна. Монгол Улсад хонь хяргагчын 4,000 ажлын байр шинээр бий болох хэрэгцээг олон улсын сургагч багш нар ч мөн тооцоолжээ. 

Ийнхүү нүүдэлчин Монгол малчин залуус орчин үеийн дэвшилтэт техник технологитой танилцаж, зах зээлд эрэлт ихтэй шинэ ажлын байрыг бий болгон улмаар ноосны үнэ цэнэ, үйлдвэрлэлийг сайжруулахад өөрсдийн хувь нэмрээ оруулах суурь тавигдаж, ноосны салбарт шинэчлэл хийх алхамыг урагшуулж байгаа нь бахархууштай. 

a herd of sheep standing on top of a grass covered field

Уламжлалт аргаар ноос хяргаж буй малчид.

НҮБХХ

Энэ тухай Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг “Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр бидний хамтран хэрэгжүүлж буй төсөл Монгол орны уламжлалт бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, үнэ цэнийг нэмэгдүүлэх, хөдөөгийн иргэдийн амьжиргааг сайжруулахад шинэ дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж ноосны нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлж, нэн шинэ ажлын байр бий болгож байгаа нь эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжлийн хандлагыг экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байхад байхад чиглүүлж хамгаалах, ногоон хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд олон талт хамтын ажиллагааг хангах зэрэг салбарын бодлого, зорилтуудтай уялдсан сайн туршлага болж байна” хэмээсэн юм. 

*** 

Төслийн тухай 

Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран хэрэгжүүлж буй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн  “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төсөл хонины ноос хяргах дэвшилтэт технологи нэвтрүүлж, Монголын анхны дэлхийн хэмжээний мэргэшсэн ноос хяргагчдыг бэлтгэх чадавхжуулах сургалтуудыг хэрэгжүүлсэн.