Монгол Улсын Сангийн яам ба НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
September 19, 2024
Улаанбаатар хот, 2024 оны 9 сарын 18 – Сангийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгуудын биелэлтийг ахиулахад Тогтвортой санхүүжилтийн арга хэрэгслийг ашиглах чиглэлээр дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд талууд стратегийн гол чиглэлүүд, ялангуяа үндэсний санхүүгийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэхэд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлт хийх, санхүүгийн шинэлэг хэрэгслүүдийг нэвтрүүлэх замаар хөгжлийн төлөөх төр, хувийн хэвшлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх талаар хамтын ажиллагааны хүрээг тодорхойлов. Түүнчлэн, төсөв санхүүгийн бодлогыг Үндэсний тодорхойлсон хувь нэмэртэй уялдуулах, ингэхдээ уур амьсгалын өөрчлөлтийн зорилтуудтай уялдсан төсөвлөлт, санхүүжилтийг институтийн түвшинд нэвтрүүлэхэд онцгойлон анхаарах юм.
Энэ хүрээнд талууд үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлтийг хэрэгжүүлэх, төсвийн илт тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэхэд төсвийн хяналт шинжилгээ, тайлагналыг сайжруулах чиглэлээр ажиллахын зэрэгцээ Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан татварын тогтолцоо, үүний дотор Жендэрийн мэдрэмжтэй татварын тогтолцоог хөгжүүлэхэд хамтран ажиллах юм.
Сангийн сайд Болдын Жавхлан Монгол Улсын Засгийн газартай үр дүнтэй хамтран ажиллаж буй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамт олонд талархал илэрхийлж “Сангийн яам нь Монгол Улсын Засгийн газрын "Алсын хараа 2050" урт хугацааны бодлогын тогтвортой хөгжлийн санхүүжилтийг хэрэгжүүлэх, нэн ялангуяа үр дүнд суурилсан төсөвлөлт, ногоон санхүүжилт, холимог санхүүжилт болон сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байна” хэмээн онцлов.
Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд тууштай дэмжлэг үзүүлэн ажиллаж буйг онцолж, “Энэхүү санамж бичиг нь Монгол Улсын тогтвортой хөгжлийг дэмжихэд стратегийн ач холбогдол бүхий чиглэлүүдэд анхаарал хандуулж, тогтвортой санхүүжилтийн чиглэлээр талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх уян хатан зохицуулалт, удирдамжаар хангаж байгаа юм. Түүнчлэн НҮБХХ нь олон улсын санхүүгийн байгууллагууд болон хөгжлийн бусад байгууллагуудын гол үйл ажиллагаатай уялдуулах чиглэлээр Сангийн яамтай хамтран ажиллах болно” хэмээн мэдэгдэв.
***
НҮБХХ-ийн тухай
НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.