Европын Холбоо болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монгол Улсад хүртээмжтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байна
December 8, 2022
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгардаг хамгийн том бэрхшээлүүдийн нэг нь тэдний тусгай хэрэгцээг харгалзсан мэргэжлийн боловсрол сургалтын тусгайлсан сургалтын хөтөлбөр, хүртээмжтэй орчин хангалттай байдаггүй явдал юм.
Энэхүү хэрэгцээнд тулгуурлан, ажил олгогч болон ажилтнуудад аль алинд ээлтэй, хүртээмжтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Мэргэжлийн боловсрол, сургалтын 3 жишиг хөтөлбөрийг Архив, бичиг хэргийн ажилтан, Цахим үйлчилгээний ажилтан, Үйлчилгээний ажилтан гэсэн 3 мэргэжлээр Монгол Улсад анх удаа боловсруулж, турших ажлыг Европын Холбооны санхүүжилттэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд гүйцэтгэж байна.
Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвд 2021 оны хичээлийн жилээс эхлэн туршин хэрэгжүүлж буй тус хөтөлбөрүүдэд нийт 28 оюутан суралцаж байна.
Хүртээмжтэй орчинд хэрэгцээнд суурилсан боловсрол, ур чадвар эзэмшсэн оюутнуудын хувьд ирээдүйн ажил олгогчдодоо үнэ цэн бүхий ажилтан болох том боломжтой болдог.
Сурагчийн гарын авлага нь нийт 22 чадамжийн нэгж агуулсан бөгөөд дохионы хэл бүхий зураглалыг багтаасан. Гарын авлагыг бэлтгэх явцад эрсдэл, хориглох гэх мэт 300 гаруй мэргэжлийн үг, хэллэгийг тайлбарласан тэмдэгтүүдийг шинээр боловсруулсан.
Монгол Улсад анх удаа боловсруулсан эдгээр гарын авлага, сургалтын материалууд нь оюутнуудад хэрэгцээт ур чадваруудыг эзэмшүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж байна.
У. Даваадорж, архив, бичиг хэргийн мэргэжил эзэмшихээр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумаас зорин ирсэн бөгөөд сургалтын хөтөлбөрийн хүрээнд одоогоор Хаан Банкны хүний нөөцийн албанд дадлагажигчаар ажиллаж байна. Тэрээр сургуулийн дотуур байранд байрлаж, UB Cab таксины тусгай хэрэгцээт иргэдийн үйлчилгээнд хамрагдаж ажил руугаа зорчдог.
Н. Халиунаа Улаанбаатар хотын оршин суугч бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт нарийн бичгийн ажлын байранд дадлагажигчаар ажиллаж байна.
Сургалтын хөтөлбөр боловсруулахад сургагч багш, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, салбарын зөвлөх мэргэжилтэн, сургалтын байгууллага, ажил олгогчийн төлөөлөл бүхий нийт 93 хүн оролцсон.
Зохистой хөдөлмөр эрхлэхэд тулгардаг хамгийн том бэрхшээл бол хүртээмжтэй орчин бүрдээгүй байдал хэмээн хөгжлийн бэрхшээлтэй иргэд үздэг. Энэ асуудал бүрэн шийдвэрлэгдэх хүртэл хэрэгжүүлж болох нэгэн шийдэл нь гэрээсээ ажиллах боломжтой ажлын байрны чиглэлээр мэргэших байгаа юм.
Оюутнуудын урласан экологид ээлтэй, өвөрмөц бүтээлүүдийг Улаанбаатар хотын хэд хэдэн жижиглэн худалдааны цэгүүдээр борлуулдаг. Гадаад, дотоодын жуулчдаас авсан захиалгыг оюутнууд сургуулийн урландаа хийдэг.